ДАШТ 2018: Louis Vuitton брэнд FIFA-тай гурван төсөл дээр хамтарчээ

Спорт болон загварын нэгдэл

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 14-нд Москва хотноо эхлэх гэж байна. Спортын хамгийн том үйл явдалд тооцогддог ДАШТ-д зориулан Louis Vuitton брэнд FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран гурван төсөл дээр ажиллажээ.

Аваргын алтан цомыг аюулгүй хадгалах чемодан

Louis Vuitton брэнд 2010 оноос хойш аваргын цомыг аюулгүй тээвэрлэх зориулалттай чемодан үйлдвэрлэх болсон юм. Энэ удаагийн тэмцээнд зориулсан чемоданыг титан материалаар хийсэн ба лазер гэрэл ашиглан Louis Vuitton брэндийн бэлэг тэмдэг болсон монограм хээг гаргажээ. Түүнчлэн ирмэг хэсгүүдийг цэвэр арьсаар чимэглэж, цоожийг рутени металлаар урласан байна. Дашрамд дурдахад 18 каратын алтаар хийгдсэн аваргын цом нь 6.2 килограмм жинтэй болжээ.

40 гаруй жилийн түүхтэй бөмбөгийн цуглуулга

Louis Vuitton брэнд 1970 оноос хойшхи аварга шалгаруулах тэмцээнд тоглогдсон 13 төрлийн бөмбөгийг adidas брэндтэй хамтран ахин бүтээлээ. Мөн бөмбөгнүүдэд зориулан тусгай чемоданыг бүтээсэн ба энэ нь ердөө ганцхан ширхэг хийгджээ. Тус чемодан болон бөмбөгийн цуглуулгыг Москва хотод зохиогдох нууц дуудлага худалдаагаар зарахаар болсон байна.

ДАШТ-д зориулсан арьсан эдлэлийн цуглуулга

Харин гурав дахь төсөл нь энэ удаагийн тэмцээнд зориулсан арьсан цүнх, үүргэвч зэргээс бүрдсэн цуглуулга байлаа. Louis Vuitton брэнд Keepall болон Apollo зэрэг сонгодог загварын цүнхнүүддээ хөлбөмбөгийн уур амьсгал оруулсан ба тус цуглуулга нь маш цөөн тоогоор худалдаанд гарахаар болжээ.

 

Ц.Намуун

2018-05-24, 17:15