Сэлэм бол сэтгэл: Кэндо хүмүүст юу сургадаг вэ?

Бүх насныханд

Хүчирхэг эмэгтэйчүүд бүгдийн анхаарлыг татаж, үлгэр дуурайлал болдог. Тэгвэл Кэндогоор дамжуулж өөрийгөө хүчирхэг болгон төлөвшүүлж буй эмэгтэйчүүд олон болжээ. Тэд энэ замналыг яагаад сонгосон болон ямар амжилтанд хүрэх гэж зорьж байгаа нь бидний анхаарлыг татлаа

Тэрэлжийн уулсыг эмжсэн Туул голын эрэг дээр монголын кэндочид цугларч, нэгдсэн бэлтгэл хийж байхад нь бид зочлон очсон юм. Сүрлэг хувцас хэрэглэл, өөртөө итгэлтэй алхаа гишгээ, эрэмгий дайчин тулаан гээд сонирхолтой дүр зураг тэнд өрнөх  бөгөөд  маш олон эмэгтэйчүүд байгаа нь нүдэнд шууд анзаарагдсан. Тиймээс яагаад тэд энэ тулааны урлагийг сонирхож, юу суралцдаг болохыг нь уншигчиддаа хүргэхийг зорилоо.

Миний эхний уулзсан хүн бол 11 настай охиноо энэ бэлтгэлд дагуулан ирсэн аав байв. Охин нь өөрөө кэндог сонгож суралцаж байгаа бөгөөд сахарын өвчтэй гэлээ. Арваннэгэн настай хүүхэд яагаад сахартай байгааг мэдээгүй ч харин кэндогоор хичээллэх нь түүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлжээ. Хамгийн гол нь тэр хүүхэд өөрийн гэсэн зорилготой, мөн өөрийгөө ялан дийлж буй мэдрэмж руу тэмүүлж байгаа харагдсан юм. Тэгэхдээ тэр охин ч, бусад бүх тамирчид ч өөрийгөө ялахын тулд маш их зориг, тэвчээр гаргах хэрэгтэй болно. Ингээд бид "Монгол Кэндо" клубын багш Э.Уртнасантай ярилцсанаа хүргэж байна.

  

Кэндо гэдгийг товчоор та юу гэж тодорхойлох вэ?
 Кэндо бол бусдыг биш өөрийгөө ялан дийлэх замнал юм.

Тулааны урлагийн мөн чанарт юу агуулагдах ёстой вэ?

Шударга байдал. Хүндлэл. Баатарлаг эр зориг. Нэр хүнд. Энэрэнгүй сэтгэл. Үүргээ   ухамсарлах.  Үнэнч байдал.

Кэндог хэн сонирхон суралцаж болох вэ?

Ямар ч насны хүмүүс сонирхож суралцаж болно.

Кэндогоор хичээллэдэг эмэгтэйчүүдийн тухайд асуух гэсэн юм. Тэд кэндод татагдсан нийтлэг сонирхол ажиглагддаг уу?

Нийт тамирчдын 60 хувь нь эмэгтэй кэндочид байдаг. Эмэгтэйчүүд ихэвчлэн кэндогийн өмсгөл, дайчин болох ба биеэ спортлог байлгах хүсэл сонирхлоор кэндогоор хичээллэдэг болох нь ажиглагддаг.

Кэндогоор хичээллэнэ гэдэгт юуг ойлгох вэ?

Кэндод зөвхөн хулсан сэлэм бариад хүн цохих нь чухал биш. Кэндод суралцах явцад харилцаа, хүндлэл, хоорондын талархал, шударга үнэнч байдалд суралцдаг.

Кэндо хүнд ямар ач, тустай вэ?

Кэндо өөрийн гэсэн дүрэм журам ёс суртахуунтай ба кэндогоор дамжин тухайн хүний хувийн амьдралд эерэг нөлөө үзүүлдэг.

Тэвчээр, тэсвэл хатуужилтай болох, өөрийгөө ялан дийлж сурахад хэр их хугацаа ордог вэ?

Ер нь хүн насан туршдаа кэндод суралцдаг. Хэрвээ чи кэндо хийгээд нэг жил болж чадсан бол чамд баяр хүргэе! Чи эхний шатыг амжилттай давж чадсан байна.

Кэндогоор хичээллэж эхэлснээсээ хойш хэр удаан хугацааны дараа кэндогийн хамгаалалт, өмсгөлөө авдаг вэ?

Клуб бүр өөрийн гэсэн хугацаатай. Манай клубын хувьд анхан шатны хоёр сарын хугацаатай сургалт дуусгаад авдаг.

Хувцас, хэрэглэлээ өмсөх, зүүхдээ баримтладаг дараалал, тухайн үед мөрдөх ёстой зүйлс нь юу вэ?

Анх дожондоо (бэлтгэлийн заал) орж ирэхдээ л ёслох бөгөөд бүх ахлах тамирчдаа хүндлэн, хамаагүй урдуур нь явж болохгүй. Энгийн үед хүртэл шинайгаа (хулсан сэлэм) яаж барих гээд хувцас хэрэгсэл бүх зүйлээ нарийн дэг жаягтайгаар хэрэглэдэг.

Тулааны эхлэл, өрнөл, төгсгөлийг нь тайлбарлана уу?

 Тулааны эхлэлд ярилцлага буюу өрсөлдөгчөө мэдрэх ба өрнөл хэсэгт оновчтой эцсийн цавчилт хийх тохиромжтой цагийг хүлээнэ. Төгсгөл хэсэгт "Нэг сэтгэл, нэг сэлэм" хэмээн эргэлзэлгүйгээр цавчилтыг хийнэ.

Тулаанд хэрхэн ялдаг вэ?

Тулааны ялалтыг хоёр янзаар тайлбарлаж болох юм. Оюун санааны түвшинд бол кэндод үнэндээ ялалт гэж байхгүй. Өрсөлдөгчөө ялах тусам улам хичээх хэрэгтэйгээ мэдэрдэг. Харин бүх хүч чадлаа гарган тулалдсан өрсөлдөгчдөө хүндлэл үзүүлэн, мэхийн ёслох явдал бол тулааны жинхэнэ мөн чанар нь юм. Харин нөгөө талаас тайлбарлавал, үндсэндээ тэмцээний дүрэмд заагдсан цэг дээр түрүүлж хоёр цохиж, оноо авсан хүн ялдаг.

"Би 1000 цохилт хийж чаддаг хүнээс айхгүй. харин нэг цохилтыг 1000 удаа давтсан хүнээс айна" БРЮС ЛИ

Монголд кэндогийн хэдэн клуб байдаг вэ ?

Монголд нийт долоон клуб үйл ажиллагаа явуулдаг. Клубуудыг дурдвал: УБ Кэндо клуб, Чоно Кэндо клуб, Хасбуу Кэндо клуб, Монгол Кэндо клуб, Бээс Кэндо клуб, Оргил Кэндо клуб, Чикара Кэндо клуб тус тус клубууд ажиллаж байна. 

Кэндогийн багш гэж хэн бэ?

Кэндогийн багшийг бид сэнсэй гэж японоор дууддаг. Энэ хүн кэндогийн ёс суртахууныг дээд зэргээр ойлгон, кэндогийн техник ур чадварыг зөв сайн эзэмшсэн байх ёстой бөгөөд бусдад үлгэрлэн зааж чадахуйц хүн байх ёстой юм. Клуб болгон өөрийн багштай. Японд бол тусгай шалгалт өгч эрх авдаг. Монголд одоо тус шалгалтыг өгөх боломжгүй байгаа тул кэндогийн холбооноос багш нарыг томилж байгаа.

Кэндод ямар, ямар чухал тэмцээнүүд байдаг вэ?

Гурван жилд нэг удаа кэндогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог. Мөн жил бүр гадаад орнуудад олон улсын нээлттэй тэмцээн зохиогддог. Монгол улсын хувьд жилд нэг удаа улсын аваргаа шалгаруулж, гурван сар тутамд медалт тэмцээн зохиож, сар болгон сорил тэмцээн болдог.

Star wars киноны тулааны хэсэгт Кэндогоос авсан байдаг. Энэ нь ямар учиртай болохыг тайлбарлахгүй юу. 

Тус кинон дээр гарах Жэдай нь кэндо дээр суурилсан дүр юм. Энх тайвны төлөө тэмцэх, шударга үнэнч байдал, багш шавийн барилдлага гээд бүх үзэл санаанууд тусгагдсан байдаг.

Кэндо таны хувьд юу вэ?

Кэндо бол миний хувьд их нандигнаж явдаг зүйл юм. Гайхалтай хамт олон, гайхалтай өрсөлдөгчид. Брус Ли хэлэхдээ "Би 1000 цохилт хийж чаддаг хүнээс айхгүй, харин нэг цохилтыг 1000 удаа давтсан хүнээс айна" гэсэн байдаг. Тиймээс бид нэг цавчилтыг 1000 удаа давтаж, улам төгс болгохыг хичээдэг билээ.

Дэлхийн аваргаас манай баг тамирчид оноо авсан цуглуулга бичлэг

 

 

Ж.Чинбат

2016-06-23, 11:00