Монголын #1 эмэгтэй теннисчин зөвлөж байна
Теннисний спортын мастер, Монгол улсын талбайн теннисний насанд хүрэгчдийн тэмцээний аварга А.Жаргал талбайн теннисний спортын ач тусыг ярьж байна
Хүмүүс эрүүл чийрэг, өв тэгш биетэй болохын тулд бокс, усан спорт зэрэг мэргэжлийн спортын төрлийг сонгон фитнессийн зорилгоор хичээллэдэг болжээ. Бид энэ удаад талбайн теннисний спорт хүний бие болон сэтгэхүйг хэрхэн хөгжүүлдэг, бусад спорт ба фитнесийн төрлүүдээс ямар давуу талтай байдгийг, мөн хичээллэхээсээ өмнө юуг заавал мэдсэн байх хэрэгтэйг уншигчиддаа дэлгэж байна.
Монгол улсын теннисний спортын мастер А.Жаргал нь улсын насанд хүрэгчдийн аваргын тэмцээнд 2012, 2013, 2015, 2016 онуудад оролцон жил бүр аварга болж, алтан медаль авч байсан билээ. Тэрээр мөн Asian Games буюу дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн наадам тэмцээнд 2015 оны намар оролцож, талбайн теннисний хос төрлөөр эхний 16-д орсон туршлагатай. А.Жаргал түүнчлэн Оюутны Олимпд Монголоос хамгийн анхны хожлыг аван, өндөр амжилт гаргасан улсын чадварлаг тамирчдын нэг юм.
Талбайн теннисний спорт яг л шатар шиг
Талбайн теннис нь ухаан, бодлого, ур чадвар гээд ер нь хүний бүх төрлийн авьяасыг шалгасан спорт юм. Өрсөлдөгчөө үйлдэл хийхээс нь өмнө тооцоолдог нь яг л шатар шиг. Мэргэжлийн тамирчид бүр тэмцээн эхлээгүй байхад яаж тоглохоо бодсон байдаг. Бусад фитнес спортуудтай харьцуулбал теннис тухайн хүний анхаарлыг илүү их шаардаж, өрсөлдөөнтэй ба сонирхолтой байж, олон булчин нэгэн зэрэг ажиллуулдаг.
"Цэвэрхэн" спорт
Бусад спортын төрлүүдтэй харьцуулбал теннис өрсөлдөгчийнхөө биед хүрдэггүй учир бэртэл авах магадлал бага байдаг. Тэгэхээр сонирхогчдын түвшинд тоглоход бэртэл авах магадлал тун ховор, бараг л тэг хувь байдаг гэж хэлж болно.
Фитнесийн зорилгоор хичээллэхэд хамгийн тохиромжтой
Насанд хүрэгчдийн хувьд теннис бол фитнес зорилгоор хичээллэхэд их зөв спорт юм. Учир нь теннисээр хичээллэхэд хүний биеийн бүх төрлийн булчин ажилладаг. Энэ нь кардио дасгал болохоос гадна, хөл, бэлхүүс ба хэвлийн булчингуудыг ачааллуулдаг. Уг спортоор хичээллэж буй хүн бөмбөгөө цохихдоо зөвхөн гарынхаа гэлтгүй, биеийн бүх булчингуудаа ажиллуулдаг юм. Үнэндээ гар бол хамгийн бага оролцоотой байдаг. Хүмүүс гараараа цохидог учир гар их хүчтэй болно гэж боддог ч, энэ нь зүгээр л савалт юм. Фитнес журмаар ярьвал анх хичээллэж байгаа хүмүүс гэдсээрээ турах нь илүүтэй ажиглагддаг. Мөн теннис бол гүйлтийн зам дээр гүйснээс илүү хүний анхаарлыг шаардана. Гүйлтийн зам дээр 30, 40 минут гүйснээс илүү толгойгоо ажиллуулж, яаж цохихоо, бөмбөг хаана унахыг үргэлж бодож байдаг. Хүн анхаарлаа төвлөрүүлж тоглодог учраас 20, 30 минут өнгөрөхөд юу ч анзаардаггүй. Мэдээж насанд хүрэгчид мэргэжлийн теннист орно гэдэг магадлал тун бага тул өөрийнхөө биеийг эрүүл байлгаж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх зорилгоор уг спортоор хичээллэхэд тохиромжтой.
Монголд хаана талбайн теннисээр хичээллэж болох вэ?
Теннис гадаа тоглох зориулалттай спорт учир Монголд одоогийн нөхцөлд зун тоглоход илүү зохимжтой. Зуны улиралд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хичээллэж болно. Тэнд теннисний гурван талбай байгаа. Ерөнхийдөө зөвхөн зун гэлтгүй, хавар, намар дулаан уур амьсгалтай үед тэнд тоглож болно. Харин дотуур талбай гэвэл Hawaii fitness дотор бий. Бас хуучин Эрэл сургууль буюу English School of Mongolia сургуулийн зааланд тоглож болно. Ер нь заал л байвал тор тавиад хаана ч теннис тоглож болох юм.
Теннисээр хичээллэх гэж буй хүмүүст ямар хэрэгсэл хэрэгтэй вэ?
Дөнгөж сурч байгаа хүмүүст заавал мэргэжлийн түвшний, үнэтэй цохиур шаардлагагүй. Харин гартаа оруулсны дараа цохиураа сайжруулж болно. Мөн теннис их олон зогсолттой, эрчимтэй, гэнэтийн хөдөлгөөн их шаарддаг спорт тул гүйлтийн биш, харин тусгай пүүз хэрэг болно. Зориулалтын пүүзтэй хичээллэснээр шагайгаа гэмтээх магадлал бага юм.
Талбайн теннисээр анхан шатанд хичээллэх гэж буй хүмүүс хэдэн наснаас эхэлж, долоо хоногт хэдэн цаг хичээллэх хэрэгтэй вэ?
Хүүхдүүд бол аль болох багаасаа эхэлбэл сайн. Бас мэдрэмжтэй байх хэрэгтэй. Англиар бол "Eye, hand coordination' гэж ярьдаг юм. Тооцоолох мэдрэмж сайтай бол дээшээ ахих илүү боломжтой. Гадаад хүмүүс хүүхдүүдээ дөрөв, таван настайгаас нь хичээллүүлж эхлүүлдэг. Харин Монголд хүүхдүүд ихэвчлэн найман настайгаасаа хичээллэсэн байдаг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт