2016 онд хит болох дронууд

Хамгийн жижгээс хамгийн аюулгүй - I хэсэг

Техник технологи хөгжихийн зэрэгцээ бидний хэрэглээ илүү нарийсч, байж болох хамгийн жижиг эсвэл хүчтэй төхөөрөмжүүдийг ашиглахыг хүсэх болсон. Бид 2016 онд хамгийн эрэлттэй байх дронуудаас сонгон танилцуулж байна

Нисгэгчгүй нисэх аппарат хэмээн монгол хэлнээ хөрвүүлж буй дрон энэ цаг үеийн хамгийн сонирхолтой технологийн нэг юм. Бид орой бүр зурагтаар дрон ашигласан реклам, клип үзэж байгаа болохоор түүнийг өөрөө удирдаж, гайхалтай дүрс бичлэг хийхийг хүсч буй хүмүүс олон байгаа биз ээ. Ингээд одоо худалдаалагдаж байгаа шилдэг дронуудын талаар товч танилцуулга танд хүргье.

Parrot Bebop 2

Дрон хэрэглэхэд хялбар бөгөөд зугаатай хэдий ч нэг цэнэгээрээ агаарт байх хугацаа нь хэтэрхий богино байдаг. Ихэнхи дрон хөнгөн, жижиг байх тусмаа агаарт хурдтай нисдэг ч дахин цэнэглэгдэх хүртлээ 12 минут л хөөрдөг байна. Харин Parrot-оос гаргаж буй шинэхэн "Bebop 2" дрон агаарт 25 минут хөөрөх чадалтай. Магадгүй энэ нь богино хугацаа мэт санагдаж болох ч ихэнхи дундаж үзүүлэлттэй дроны хөөрөх хугацаанаас хоёр дахин урт юм. Энэ үзүүлэлт танд хангалтгүй санагдаж байвал Bebop 2 дрон цагт 60 км хүртэл хурдлах чадвартайг нэмж хэлэх хэрэгтэй. Мөн л дундаж үзүүлэлт бүхий дронууд цагт 36 км туулах боломжтой байдаг. Bebop 2-ыг удирдахдаа iOS эсвэл Android үйлдлийн систем болон Wi-Fi сүлжээгээр холбогдоно. Хэрэв хүсвэл нэмж 760 фунт зарцуулсанаар Skycontroller гэх удирдлагыг та худалдан авах боломжтой. Энэхүү удирдлага нь 2 км хол зайнаас Wi-Fi сүлжээгээр холбогдох ба мөн виртуал байдлыг үзүүлэх нүдний шилтэй тул өөрөө дрон дотроо нисч буй мэтээр удирдах боломж олгоно. Үнэ: 440 фунт/550 доллар.

3DR Solo

Ихэнхи дронууд зөв жолоодлогын тодорхой мэдлэг болон туршлага шаарддаг. Дроноо замаас нь хазайлгалгүй жолоодох, өөрөөсөө хэт холдуулж салхинд хийсгэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй болдог. Тэгвэл 3DRobotics Solo дрон нь анх удаа жолоодож буй үед ч туршлагатай нисгэгч мэт удирдах боломжийг олгоно. Дроныг хэт холдуулахгүйн тулд урьдчилан хэр хол зайд явахыг нь тохируулна. Удирдлагад түр зогсоох товчлуур суулгасан нь дроноо нисгэх явцдаа өөр зүйлд сатаарах болон хэрхэн жолоодох талаар заавар бичлэг үзэх үедээ ашиглаж болох юм. Мөн дронд хар хайрцаг дагалдах ба төхөөрөмжийн ажиллагаа доголдсон тохиолдолд дроныг орлож, бичлэгийг сэргээн үзэж болох юм. 3DR Solo дрон GoPro камертай холбогдон ажиллах тул гар утаснаасаа хянаж болно. Үнэ: 660 фунт/1000 доллар.

Quanum Nova

Хэрвээ илүү хямд дрон хайж байгаа бол Quanum Nova танд тохирно. Энэхүү дрон DJI Phantom 2 дронтой ижил дизайн болон дагалдах хэрэгсэлтэй. Үнэ: 200 фунт/300 доллар.

LaTrax Alias

Хэрвээ та дроныг автомат бус аргаар жолоодож сурахыг хүсч байвал LaTrax Alias хамгийн зөв сонголт байх болно. Энэхүү дрон хямд бөгөөд жижигхэн хэмжээтэй ба том сэнс нь удирдахад хэцүү эргэлт хийж сурах боломж олгох тул дрон анхлан хэрэглэж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Үнэ: 70 фунт/110 доллар.

Vantage Robotics Snap

Туршлагатай инженерууд болох Тобин Фишер болон Жоу ван Найкерк (Vantage Robotics компанийн СЕО, СТО) нарын хамтын бүтээл болох Vantage Robotics Snap бүх талаараа ухаалаг төхөөрөмж болжээ. Тэд салхины урсгал сөрөх чадвартай, хөнгөн, өндөр хамгаалалт бүхий сэнс бүтээхийн тулд хоёр жилийг зарцуулан, 100 гаруй туршилтын загвар гаргасны эцэст дугуйн хигээс болон гүүрнээс санаа авч энэхүү дронд сэнсний загвар гаргасан байна. Энэ сэнсний давуу тал нь дроныг агаарт нисч байх үед шүүрч авсан ч сэнсний ир ямар нэг аюул учруулахааргүй хамгийн аюулгүй дрон болгож байгаа юм.  Дронд мөн ухаалаг зай, байршил тогтоож дагах сүлжээг ч мөн суулгасан байгаа. Харин камерын хувьд Sony Exmor IMX 377 нь HD бичлэгийг хийнэ. Үнэ: 860 фунт/1,295 доллар.

Proto X

Одоогоор зах зээлд борлуулагдаж буй хамгийн жижиг энэхүү дрон 25 центийн зоостой тэнцэх хэмжээтэй юм. Proto X маш хурдан бөгөөд хямд ч гэлээ сэнснүүд нь хэт ойр байрлалтай тул эргэлт хийхэд төвөгтэй байдаг сул талтай. Үнэ: 20 фунт/30 доллар.

Б.Амина

2016-01-06, 15:00