Бэнксигийн зочид буудалд орж үзэцгээе

The Walled Off Hotel

Английн алдарт граффити уран бүтээлч Бэнкси Палестин ба Израиль улсыг тусгаарладаг хананаас таван метрийн хажууд шинэ зочид буудал нээжээ

Улс төрийн сэдэвтэй, шуугиан тарьсан уран бүтээлүүдээрээ алдартай Бэнкси Вифлеем хотод шинэ төслөө танилцуулсан байна. Тэрээр хуучин шавар эдлэлийн үйлдвэрийн барилгад "The Walled Off Hotel" нэртэй зочид буудал нээжээ. Энэхүү зочид буудалд 10 өрөө, цайны мухлаг, галерей, музей, граффити хэрэгслийн дэлгүүр багтаж байгаа юм. "The Walled Off Hotel" дотор тансаг зэрэглэлийн ерөнхийлөгчийн өрөөнөөс эхлээд арай боломжийн үнэтэй, энгийн сонголтууд ч байгаа. Бэнкси долоон өрөөний интерьер дизайныг өөрийн биеэр хийсэн бол бусдыг нь канад ба палестин дизайнерууд бүтээжээ. Зочид буудлын бүх өрөө болон бусад талбай Бэнксигийн уран бүтээлүүдээр чимэглэгдсэн байгаа.

Зочид буудлын бүх өрөөний цонх Иордан голын эрэг дээрх бетон хана руу харсан байна. Израиль улс 2003 онд терроризмоос хамгаалах зорилгоор Баруун эргийн дагуу бетон хана босгосон юм. Бэнксигийн хэлснээр бол энэ нь "Дэлхий дээрх хамгийн муухай үзэгдэх орчинтой зочид буудал" гэжээ. Энэхүү төслийн гол зорилго нь Израилийн иргэдэд Палестины амьдрал болон бетон ханыг ойроос харуулахад оршиж байгаа юм. Гэхдээ Израилийн иргэд Палестины хотод нэвтрэхийг хуулиар хориглодог гэдгийг дурдах хэрэгтэй.

"The Walled Off Hotel" 2017 оны гуравдугаар сарын 20-оос эхлэн зочдыг хүлээж авна. Үнийн хувьд хамгийн энгийн өрөөнд нэг хоноход 30 доллар төлөх бол ерөнхийлөгчийн өрөөнд буудаллахад 965 доллар болох юм.

Г.Тэмүүлэн

2017-03-15, 11:00

  • Зураг: