Бюро 24/7-гийн хотын хөтөч: Бээжин

Шинэ, хуучны зааг дээр

Бидний энэ удаагийн аяллын хөтөч нийтлэлийг Бюро 24/7-гийн урлаг соёл, амьдралын хэв маяг булангийн редактор Бээжин хотоос бэлтгэн танд хүргэж байна

Цаг агаар дулаарсан ч хэт халуун биш, цэцэг навч дөнгөж дэлгэрсэн дөрөвдүгээр сар бол Бээжинд аялах хамгийн тохиромжтой үе юм. Урлагийн сонирхолтой зүйлсээр дүүрэн дүүрэг, эртний хэв маягаа хадгалан үлдсэн гудамж мөн сэтгэл сэргээх цэцэрлэгт хүрээлэн гээд Бээжинд зугаалах газар олон бий.

Цэцэрлэгт хүрээлэн, гудамж

Summer Palace

Summer Palace бол Юнескогийн соёлын өвд бүртгэгдсэн, Бээжингийн хамгийн томд тооцогддог цэцэрлэгт хүрээлэн юм. Кунмин голын эрэг дагуу байрлах цэцэрлэгт хүрээлэн нь уул, ус, цэцэрлэг гээд байгалийн сайхан цогцолсон газар бөгөөд тэнд архитектурын гоёмсог хийцтэй орд өргөө, сүм дугана зэргийг нэг дор үзэх боломжтой.

19 Xin-jian-gong-men Road, Haidian District

Qianmen 

Qianmen гудамж нь эртний хятадын хэв маяг бүхий барилгуудыг орчин үеийн амьдралын хэв маягтай гайхалтай хослуулсан газар юм. H&M, Starbucks, ZARA зэрэг дэлгүүр, кафе хятадын дээр үеийн хийцтэй барилгад байрласан нь маш содон харагдана. Мөн Qianmen-д Dangdang Che буюу 1924 онд ашиглагдаж байсан трамвайд суун орчин тойронтойгоо танилцаж болдог. 

 Qianmen Street, Dongcheng District

Botanical Garden

Хөл хөдөлгөөнтэй хотоос зайдуу байрладаг ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос тавдугаар сарын эхэн үед очиход хамгийн гоё байдаг. Учир нь алтанзул, цээнэ, сараана, сарнай зэрэг цэцэгс дөнгөж дэлгэрч байх болно. Тэнд нийтдээ 6000 гаруй төрлийн ургамал байдгаас 500 гаруй төрлийн цэцэгс ургадаг. 

Wofosi Road, Xiangshan, Haidian District

Ресторан, баар 

1949 The Hidden City

Хотын төвийн тэнгэр баганадсан өндөр барилгуудын дунд жижигхэн, нууцлагдмал газар байрлах "1949 The Hidden Citу" гэх хашаанд байдаг Duck de Chine ресторанд хамгийн гоё бээжин нугас амтлаарай. Тэнд маш өргөн сонголттой дарсны цуглуулга ч бас бий. 1949 The Hidden City-д гоймонгийн баар, далайн гаралтай хоолоор үйлчлэх ресторан, урлаг соёлд дурлагчдын гишүүнчлэлтэй клуб болон орчин үеийн залуу уран бүтээлчдийн бүтээлийг танилцуулдаг галерей зэрэг газрууд байдаг.

Gongti Beilu, Chaoyang District 

Atmosphere

Atmosphere баарнаас Бээжин хотыг бүхэлд нь тольдож болно. Энэхүү дээд зэрэглэлийн баар нь China World Summit Wing цамхагийн 80 давхарт байдаг бөгөөд Бээжингийн хамгийн өндөр дэх бааранд тооцогддог. 

No 1 Jianguomenwai Avenue, Chaoyang District

Nali Patio

Sanlitun гудамжны Nali Patio-д очвол газар дундын тэнгис орчмын барилгуудыг санагдуулам дизайнтай өвөрмөц орчинд орох болно. Nali Patio гэх энэ газарт л Бээжингийн шилдэг испани ресторан, лаунж болон дээвэр дээрх задгай баарнууд бий.  

81 Sanlitun Beilu, Chaoyang District

Урлаг, уран сайхан

National Centre for the Performing Arts

Усаар хүрээлэгдсэн аварга том өндөг санагдуулам маш өвөрмөц шийдэлтэй баригдсан NCPA төвийн тайзнаа олон улсын уран бүтээлчид тоглолтоо хийдэг. Энэхүү урлагийн төв нь дотроо дуурь, театр болон концертын гэсэн гурван тоглолтын заалтай. NCPA-гийн тайзнаа ямар тоглолтууд болохыг theatrebeijing.com сайтнаас үзэж болно. 

No.2 West Chang'an Avenue, Xicheng District

798 Art Zone

Хуучин цэргийн үйлдвэрт байрлах 798 урлагийн дүүрэгт музей, чөлөөт уран бүтээлчдийн галерей гээд контемпорари урлагийн том ертөнц оршдог. Маш олон үзэсгэлэнгүүдээс бүрдэх хэд, хэдэн гудамжтай ба өнцөг булан бүрт нь өвөрмөц баримал, инсталляцыг харж болно. Мөн саяхан тэнд нэгэн хуучин үйлдвэрийн барилгыг шинэчлэж Minsheng Art Museum болгосон нь гайхалтай дизайнтай болсон байна. 

No.4 Jiuxianqiao Road, Chaoyang District

Parkview Green

Parkview Green-д дэлгүүр, зочид буудал, галерей, кино театр, ресторан гээд бүгд нэг дор байрладаг. Галерей хэсэгт нь хятадын орчин үеийн уран бүтээлчдийн хамгийн шинэлэг бүтээлүүдийг үзэх боломжтой. Барилга дотор алхам бүрт урлагийн бүтээлүүдийг байршуулж өвөрмөц орчин бүрдүүлсэн тул тэндээс гармааргүй сэтгэгдэл төрүүлнэ. Parkview Green-ы гадна талбайд ч төрөл бүрийн хөшөө, уран бүтээлүүд байх бөгөөд үе, үе шичэчлэгдэн солигддог байна. 


Б.Амина

2016-04-16, 12:00