Шинжлэх ухааны үндэслэлтэй байх нь автобусны зогсоол байгуулахад хүртэл хэрэгтэй. Та бүхэнд хамгийн өвөрмөц шийдэлтэй буудлуудыг танилцуулъя
JCDecaux, Чикаго хот, АНУ
http://www.jcdecauxna.com/street-furniture/chicago/advertising-chicago
JCDecaux нь гудамж тохижуулалтын чиглэлээр тэргүүлэгч компани юм. Эднийх салбартаа чиг хандлагыг тогтоогч байж, бүтээсэн зүйлс нь удалгүй сонгодог хэв маяг болж чаддаг онцлогтой. JCDecaux-гийн эрхэм зорилго нь илүү арилжааны хандлагатай бөгөөд 50 жилийн өмнөөс зар сурталчилгаа байршуулах боломжтой зогсоолууд хийж эхэлсэн юм. Тэд л анх гудамжны тохижилтыг зар сурталчилгаанд ашиглаж болохыг сэдэж олсон. Энэ нь мөн аль нэг хотын удирдлагууд шинэ зогсоол байгуулахад зарцуулсан хөрөнгийг эргэн сурталчилгааны орлогоос нөхөн авах бололцоо олгодог. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар JCDecaux-гийн 136,000 автобусны зогсоол байдаг ба тэд үе үе алдартай загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилладаг. Жишээ нь гэхэд Чикагогийн зогсоолуудыг байгуулахдаа Йелийн их сургуулийн архитекторын факультетийн тэргүүн Роберт Стерн тэдэнтэй хамтарч байжээ.
Para Libros Para Parques төсөл, Богота хот, Колумб улс
http://www.bilinguallibrarian.com/2010/02/21/paradero-para-libros-para-parques/
Дээрх жишээтэй харьцуулахад арилжааны чиг хандлагаас тэс өөр зориулалттай энэхүү зогсоолыг бичил номын сан гэж нэрлэж болно. Номын тавиур дээрх төрөл бүрийн номуудыг танд санал болгохоор энэ зогсоол дээр хэн нэгэн сайн дурын хүн ажилладаг гээд та төсөөлдөө. Тэд бас хүүхдүүдэд гэрийн даалгавраа хийхэд нь бяцхан дэмжлэг үзүүлдэг. Энэ загвараар хийсэн зогсоол Богота хотод 47, Колумб улсад нийт 100 гаруй байдаг байна.
Касар-де-Касерес дах зогсоол, Испани улс
http://www.arch2o.com/bus-station-casar-de-caceres-justo-garcia-rubio/
Испанийн архитектор Хусто Гарсия Рубиогийн байгуулсан автобусны зогсоолыг дэлхийн хамгийн алдартай нь гэж хэлж болно. Тэр ямар ч шинэ төсөл бай нэг янзын материал ашиглахаар төлөвлөдөг нь энэ удаа ч давтагдлаа. Хуниралдсан аварга том бетонон туузыг эргэлдэн нугарч буйг төсөөлөх хялбар ч бүтээх бол өөр асуудал. Сонирхолтой дүрс нь прагматик бусаар сэтгэснийг илтгэнэ. Архитекторын бүтээл амьдралд өндөр үнээр босдог бол энэ испани эр хямд зардлаар, энгийн ахуйд орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлж чадсан. Та энд зочловол зогсоолын дугуйрах хэлбэрт байрлах кафед өглөөний цай барьж, том аркаар нь орж ирэх автобусанд суугаад бухтай тулалдагч матадор ч юм уу эсвэл халуухан танго үдэшлэг рүү одож болох юм.
Су Фужимото болон Александр Бродский, Крумбах, Австри улс
Энэхүү зогсоолын тухай өнгөрсөн жил бүх архитектур, дизайны сайтууд шуугиж байхад та бас анзаарсан л биз дээ. Цаст Альпын нурууны, 1000 хүнтэй жижигхэн тосгон дэлхийн хэмжээнд сэтгэдэгээ харуулж хамгийн шилдэг гэж үзсэн долоон архитектор урьсан шалтгаан нь автобусны буудлуудаа шинэчлэх байв. Тэрхүү тосгонд Баухауз маягийн загвар эрхэмлэдэг ба оршин суугчдын өөрсдийн хүслээр өдөр тутам ашигладаг орон зайнуудаа сонирхолтой, содон хэв маягтай болгохыг зорьжээ. Зогсоолуудыг барих явцдаа архитекторууд тосгоны 200 орчим урчуудтай хамтран ажилласан байна. Энэхүү төсөлд ОХУ, Норвеги, Бельги, Испани, Чили, Япон, Хятад улсуудын архитекторууд уригдсан юм. Тэднээс хамгийн хачирхалтай зогсоол болох дээвэргүй ч алсаас ирж буй автобусыг ажиглаж болох учир битүүлэг шаттай загварыг Японы Су Фужимото бүтээжээ.
Ground Studio, Сэүл хот, БНСУ
http://www.designboom.com/design/the-ground-studio-pictorial-montage/
Уул өөд өгсөх ороосон зам дээр ийм нэгэн автобусны зогсоол хүмүүсийг оргил өөд хүрэхэд нь угтаж авдаг. Солонгосчуудын хувьд тод, хурц өнгийг хувцсандаа их хэрэглэдэг ч барилга байшингаа уйтгартай өнгөөр дүрслэх дуртай. Энэ удаа харин тэд барууны архитектурын элемэнтийг нэвтрүүлэх үүднээс хурц, шовх дүрслэлийг авсан байна. Автобусны зогсоолд урлагийн болоод сурталчилгааны эсвэл бүр нийгмийн холбогдолтой "мессеж" илгээх зурагт хуудас байрлуулах боломжтой цонх байршуулжээ.
Robert Maschke Architects, Кливленд хот, АНУ
http://www.world-architects.com/en/projects/29432_Gordon_Square_Bus_Shelters
Кливленд хотынхон архитекторуудын авьяасыг сорихоор шийджээ. Тэднээс ч үнэхээр сонирхолтой хэв маяг, шинэ дүрслэл гарч чадсан байна. Энэ хот орчин үеийн урлагийн элементэд нэн дуртайг гярхай харж ойлгосон архитекторууд бяцхан заль хэрэглэжээ. Олон нийт шинэ урлагийг хүсч байгаа бол архитекторууд нэг том төмөр лист сонгож аваад түүнийгээ нугласан конструкци хийсэн. Нэг л төрлийн материал ашигласан учраас тухайн бүтээл нь уран сэтгэмжийг дээд цэгт нь тултал ажиллуулаа юу гэлтэй. Мэдээж орчиндоо ууссан, тохилог уур амьсгал төрүүлэх өвөрмөц шийдэл хэрэгтэй тул тэд эдгээр хавтан дээр жижиг цоорхойнууд гаргажээ. Ингэснээр агаар салхи нэвтэрч, олон өнгийн гэрэл сонирхолтой уур амьсгалаар зочдоо угтаж авдаг ажээ. Өдрийн цагаар тухтай, шөнөдөө дотроосоо гэрэлтэж харагдах энэ байгууламж эргэн тойрны орчноо үнэхээр шинэчилж чаджээ.
Public Architecture, Ванкувер хот, Канад улс
http://www.world-architects.com/en/projects/29432_Gordon_Square_Bus_Shelters
Ванкуверийн нэгэн их сургуулийн дэргэдэх өргөн чөлөөнд засвар хийх болоход нэгэн шинэ автобусны буудал мэндэлжээ. Түүнийг бүтээхдээ орчныхоо моддын үргэлжлэл шиг харагдахаар сэдэж хийсэн ба модон дээвэр нь холоос сүүдэрлэн үзэгдэхдээ үнэхээр ойн нэгээхэн хэсэг мэт харагдана. Энд үргэлж маш олон оюутнууд зорчих учраас бат бөх төмөр суурьтайгаар төлөвлөжээ. Тиймээс урт настай болж чадсан энэ байгууламжийн их биеийн хэсэг бүр нь давхар үүрэгтэй. Хөрөөний ир мэт дүрс бүхий модон дээврийг шилдэг мужаанууд урласан ба хүнд жинтэй энэхүү конструкцийн даацыг тохируулахад 12,000 хадаас орсон байна. Тэднийг харин хаана хадахыг маш оновчтой тогтоох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд онцолж байгааг бодоход архитектур цаанаа л нэг өөр хүмүүсийн хийх ажил мэт ээ.
2015-08-01, 12:00
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт