"Нэг сарын гол"-ын эргээр зугаалцгаая
Өчигдөр зуны XXXI Олимпийн наадам Рио-де-Жанейро хотод сүр дуулиантайгаар эхэлсэн. Тэгвэл Монголын шигшээ багийн тамирчдаа дэмжихээр очсон олон хөгжөөн дэмжигчдэд хотоор аялж, зугаалах цаг гарна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бид өөрийгөө жинхэнэ "Garota de Ipanema" дууны гол дүрийн бүсгүй шиг мэдрэхийг хүсч байгаа хүмүүст зориулаад тусгай аяллын маршрут гаргалаа
Домогт далайн эргүүдээр
Рио гэж хэлэх тоолонд бид алдарт Копакабана, Ипанема зэрэг олон километр үргэлжлэх далайн эргүүдийг дотроо төсөөлдөг. Рио хоттой анх удаагаа танилцах гэж байгаа бол үүнээс илүү тохиромжтой газар үгүй. Жишээ нь та энд аяга кафезиньо ууж эсвэл кайпиринья, кашаса зэрэг арай хатуухан юм уухаар үлдэж болно. Харин эрүүл амьдралын хэв маягтай хүмүүст зориулсан өөр сонголтууд энд бий. Жишээ нь тэд далайн эргээр гүйж, серфинг хийж, бүжгээр хичээллэх боломжтой. Тэгэхдээ мэдээж бид амьд хөгжимтэй самба бүжгийн талаар ярьж байгаа. Хэрэв Копакабанад уугуул иргэдийн амьдралын өнгө төрхийг харж болох бол Ипанемад илүү урам авахуйц зүйлсийн тухай үзэж, сонсох болно. Тухайлбал анх яг энд л, "Veloso" кафены ойролцоо хөгжмийн зохиолч Мораис ба Жобим нар үзэсгэлэнт Эло Пинейрутай тааралдаж, хэдхэн жилийн дараа дэлхий нийт алдарт "Garota de Ipanema" дууг олж сонссон юм. Мөн энэ үйл явдлаас хэдэн арван жилийн дараа Оскар Нимейер далайн эргийн ойролцоо өөрийн урлангаа нээж, дэлхий нийт дахин нэг удаа гайхширсан билээ. Тэгэхдээ энэ удаад хүмүүс далайн эрэг, Арпоадор дүүрэг, Morro Dois Irmaos уул дагуу үргэлжлэх шугаман бус архитектурыг олж харсан юм. Сонирхуулахад, Morro Dois Irmaos уулын орой дээрээс нар жаргах үед хотын дүр зураг үлгэрийн мэт харагддаг.
Бразилийн Уильямсбург буюу Санта-Тереза дүүрэг
Риогийн зүрхэнд орших халуухан цэг бол яах аргагүй Санта-Тереза дүүрэг юм. Санта-Тереза яг л Нью-Йоркийн Уильямсбург, Берлиний Кройцберг эсвэл бүр Стокхолмын Сохо дүүргүүдтэй адил. Энэхүү дүүрэг нь нэг толгод дээр орчин үеийн хотын хамаг сайхан бүхнийг цуглуулсан мэт санагдана. Энд үзэсгэлэн, баар, урлан, өнгө өнгийн дэлгүүрүүд гээд сонирхолтой бүхэн оршдог. Мөн Санта-Терезад Ruins Park хэмээх эртний харшийг орчин үеийн урлагийн төв болгон хувиргасан гайхалтай газар бий. Эндээс зөвхөн үзэсгэлэн, үзмэрүүдийг үзээд зогсохгүй Рио-де-Жанейро хотын төв, Гуанабара булан ч гайхалтай харагддаг. Ер нь Санта-Терезагийн аль ч цэгээс үнэхэээр гайхалтай дүр зураг харагддаг байна. Жишээ нь Селарон шатнаас маш үзэсгэлэнтэй дүр зураг таны өмнө нээгдэнэ. Рио хотод дурласан нэгэн чилийн уран бүтээлч керамик хавтангуудаар 250 мозайк шат урласан бөгөөд тэрээр үлдсэн бүхий л амьдралынхаа турш энэхүү шатыг бүтээсэн гэдэг. Түүний нөр их хөдөлмөрийн үр дүнд Санта-Тереза дүүргийн бэлгэ тэмдэг болох уг шат үүсчээ.
Сонгодог колоний үе
Селарон шат Санта-Терезаг Лапа хэмээх түүхэн дурсгалт дүүрэгтэй холбодог. Энэхүү дүүрэг нь колоний үеийн баялагийг хадгалж үлдсэн байна. Энд хотын захиргааны театр ба маяачуудын пирамидыг санагдуулах Гэгээн Себастьяны сүм оршдог. Тэгэхдээ энд маш их эрх чөлөөтэй уур амьсгалтай. Лапа өглөөнөөс эхлэн албан ёсны уур амьсгалтай байдаг бол оройд энд огт өөр дүр зураг харагдана. Тухайлбал Кариока усны сувгийн ойролцоо хөгжимчид, жүжигчид, алдартнууд, бүжигчид цуглардаг байна. Гэхдээ эндхийн шөнийн амьдралын гол баатрууд бол мэдээж уугуул иргэд юм. Тэд наран шарлагын газруудаас залхан түүхэн дурсгалт газрыг илүүд үзнэ. Харин түүхэн дурсгалт газруудааас хотын төв ордог алдарт шаргал бондиньо трамвай явж эхэлснээр шөнийн амьдрал өндөрлөнө.
Спортыг магтан дуулах нь
Рио хотын түүх ба орчин үеийн амьдралын хэв маяг спорттой салшгүй холбоотой. Хэрэв та үүнийг өөрийн нүдээр харахыг хүсвэл далайн эрэг дээр очоорой. Тухайлбал Авенида Атлантика хөвөөгөөр мянга, мянган оршин суугчид гүйж, далайн давалгаан дээр ч ижил хэмжээний хүмүүс серфинг хийж байх болно. Хэрэв хэн нэгэн ямар нэг шалтгаанаар гүйж, тавцан дээр тогтох гэж хичээхгүй байвал заавал бүжиглэдэг. Гэсэн хэдий ч хөл бөмбөг хамгийн түгээмэл спорт хэвээрээ байгаа. Нутгийн хөгшчүүд яриан дундаа Бразилийн шигшээ баг хэрхэн санамсаргүй байдлаар Уругвайд хожигдож байсан талаар дурдана гэдэгт итгэлтэй байж болно. Аль эрт, бүр 1950 онд Маракана цэнгэлдэх хүрээлэнд Бразилийн хөл бөмбөгийн түүхэн дэх эмгэнэлт явдал тохиолдсон юм. Тодруулбал, тэд 200,000 үзэгчийнхээ өмнө хөл бөмбөгийн дэлхийн аваргын цолоо алдсан түүхтэй. Энэхүү тэмцээн спортын түүхэнд "Мараканасо" гэж тэмдэглэгдэж үлдсэн бөгөөд өрсөлдөгчийнхөө хүчийг бодитоор үнэлэх нь хэр чухал болохыг одоог хүртэл сануулсаар байгаа. Сонирхуулахад, аялагч бүр Маракана цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дээр гарах боломжтой.
Риогийн оргил
Рио бол Остап Бендерийн "Хүүхэд насных нь тунгалаг мөрөөдөл" гэдгээрээ алдартай. Агуу луйварчин Атлантын далайн эрэг дээр ирж өөрийн сэтгэл санааны хямаралаас сатаарахыг хүссэн ч, харамсалтай нь чадаагүй. Үнэхээр ч Риод өөрийн асуудлуудыг түр ч болтугай мартах олон газар бий. Жишээ нь Аврагч Христийн хөшөөн доор ба "Элсэн чихрийн толгой" ууланд орших орчин тойрныг хардаг олон тооны цамхагууд руу очиж үзэж болно. Эсвэл Mirante Dona Marta оргилоос хотын бараг бүх бэлгэ тэмдгүүд нэгэн зэрэг харагддаг. Хүсвэл бүр өмнө нь хамгийн их гэмт хэрэг гардаг байсан Алемао ядуусын хорооллын дээгүүр тавьсан кабел утсан замаар явж үзэж болох л юм. Ямартаа ч мөрөөдөл тань таныг хаашаа ч аваачсан бай Риод хүссэн бүхэн тань гэж хэлэхгүй ч маш олон зүйл биелэх боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт