Нүдний хөх туяа болон хавангаас ангижруулах 3 үр дүнтэй маск
Гэртээ хийж болох маскууд
Өдөр тутмын завгүй амьдралын хэмнэл, орчин тойрны бохирдол, дутуу нойр, буруу зуршлууд, цаг агаарын тогтворгүй байдал зэргээс үүдэн бидний бие организм стресст ордог. Үр дүнд нь бид биед хэрэгцээтэй олон төрлийн аминдэмийн дутагдалд орж, улмаар арьс, үс, хумсны эрүүл мэндтэй холбоотой асуудлуудтай тулгарч эхэлдэг. Тэр дундаа гоо сайхны хувьд хамгийн түгээмэл илэрдэг сөрөг үр дагавар нь нүдний доогуур үүсдэг хөх туяа болон нүүрний хаван билээ. Эдгээр асуудлуудаас ангижрахын тулд зөв зуршлуудтай болж, эрүүл амьдралын хэмнэлтэй болоход хангалттай ч хараахан буруу зуршлуудтайгаа тэнцэж чадахгүй байгаа эсвэл яаралтай арьсаа толигор, гэрэлтсэн болгох шаардлагатай хүмүүст гэртээ хийхэд хялбар, үр дүнтэй нүдний маск тогтмол хэрэглэхийг зөвлөж байна. Гэртээ хийж бэлтгэдэг маскнууд органик, эрүүл орц найрлагатай гэдэг том давуу талтай тул дараах гурван орцыг анхааралдаа аваарай.
Гадилтай маск
Нэг цайны халбага бүрэн боловсорсон гадилын нухаш дээр нэг хоолны халбага бүлээн цөцгийн тос нэмнэ. Дараа нь өтгөн зуурмаг болтол нь сэрээ ашиглан сайтар нухна. Хэрэв зуурмаг тань хэт өтгөн байвал зөөлрөх хүртэл нь тасалгааны температурт байлгахыг зөвлөж байна. Зуурмаг зөв бүтэцтэй болмогц гарын хуруу эсвэл зориулалтын цэвэрхэн багс ашиглан маскийг нүд болон зовхины орчим хоёр хувааж түрхээрэй. Ингээд 15 минутын дараа маскаа бүлээн усаар угааж нүүрэндээ чийгшүүлэгч тос түрхсэнээр илүү үр дүнд хүрэх боломжтой. Энэхүү гадилтай маск нь арьсны өнгийг сэргээхээс гадна, хаван буулгаж, чийгшлээр хангаж, эрүүл, булбарай болгодог онцлогтой юм.
Овьёостой маск
Юуны өмнө холигч машин ашиглан нэг хоолны халбага овьёосыг сайтар бутална. Дээрээс нь 2-3 хоолны халбага буцалгасан халуун сүү эсвэл тослог ихтэй цөцгий нэмнэ. Сайтар хутгасны дараа маскийг нүд, зовхины эргэн тойронд зөөлөн түрхээрэй. Хамгийн гол нь түрхэх үед зуурмаг тань хөрөөгүй, бүлээн байх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Уг маскийг 20 минут орчим байлгасны дараа бүлээн усаар болгоомжтой угаагаарай. Ширүүн үрж угаах үед овьёосны хатуу жижиг хэсгүүд арьсыг тань гэмтээж болзошгүй тул энэхүү маскийг маш болгоомжтой турших хэрэгтэй. Овьёостой маск нь арьсыг гүн чийгшүүлээд зогсохгүй нүдний доогуур татах хөх туяаг дор нь арилгах чадвартай. Түүнчлэн шинэхэн үүссэн үрчлээсийг тэнийлгэж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулна.
Яншуйтай маск
Яншуй агуулсан маск нь хөх туяа үүсэхээс урьдчилан сэргийлж, нүүрний хавантай тэмцэгч шилдэг бүтээгдэхүүн билээ. Энэхүү маскийг бэлтгэхэд танд ердөө багц яншуй болон цөцгийн тос эсвэл цөцгий хэрэг болно. Холигч машинд яншуйгаа буталсны дараа дээрээс нь яншуйны хэмжээнээс хоёр дахин их цөцгийн тос эсвэл цөцгий нэмнэ. Орцуудыг хольсны дараа нүд болон зовхины орчим түрхэж, ойролцоогоор 20 минут байлгана. Бүлээн усаар угааж, чийгшүүлэгч тосоо түрхэж болно. Яншуйтай маск арьсны өнгийг сэргээж, цайруулдгаараа бүсгүйчүүдийн итгэлийг олсоор байгаа юм.