Уран зөгнөл ба бодит амьдралын хооронд: Ж.Анунарангийн “Бурханы хүү” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Бид Ж.Анунарантай үзэсгэлэнгийнх нь талаар ярилцлаа
Энэхүү үзэсгэлэн нь урлаг судлаач, залуу уран бүтээлч Ж.Анунарангийн 10 дах бие даасан үзэсгэлэн юм. Тэрээр энэ удаад төрөх, үхэх болоод амьдралын тухай гүн сэдвүүдийг өөрийн боловсруулсан өвөрмөц арга барилын дагуу зоригтойгоор хөндсөн байна. Үүнд бодит амьдрал дээр суурилсан дүрсүүдийг фото зургаар баримтжуулан Монголын эртний шүтлэгийн заншил, амьтдын бэлэг тэмдгүүдийг Төвдийн Буддын танка зургийн нарийн элементүүдтэй хослуулсан нь ихэд анхаарал татлаа. Мөн тус үзэсгэлэнгээр Ж.Анунаран Өвөр Монголын саунд (дуу авианы) артист Ц.Баяндалайтай хамтран, үзэгчдэд өөрийн бүтээлүүдийг улам ойртуулан мэдрүүлэхийг эрмэлзжээ. Ингэснээр үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийг анирлах мөчид намуухан далайн удаашруулсан давлагаа мэт тайвшруулах мэдрэмж олгох хөгжим эгшиглэж байсан бөгөөд эргэн тойронд огторгуйлаг орчин бүрдэж чадсан билээ.
Бид тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцохын сацуу уран бүтээлч Ж.Анунарангаас түүний бүтээлүүдийн цаад утга санаа, мөн тэрээр хаанаас урам зориг авдаг талаар цөөн хэдэн асуулт тавьснаа уншигчдадаа хүргэж байна.
Та өөрийнхөө шинэ үзэсгэлэнгийн талаар танилцуулахгүй юу. Энэ удаагийн үзэсгэлэндээ яагаад “Бурханы хүү” хэмээх нэр хайрласан бэ?
Энэхүү үзэсгэлэнгийнхээ санааг анх 2018 онд миний амьдралд тохиолдсон үйл явдлуудаас сэдэвлэн гаргаж байсан. Тус санааг дотроо тээж явсаар өнөөдөр ийнхүү биеллээ олж байгаад нь би маш их баяртай байна. Яагаад “Бурханы хүү” хэмээн нэрийдсэн бэ гэхлээр хүмүүс бид энэ ертөнцөд мэндлэхдээ чухам хаанаас ирсэн, мөн энэ ертөнцийг орхихдоо хаашаа явдаг вэ гэх асуултуудаас үүдэн энэхүү нэрийг сонгосон юм. Бид саяхан хорвоод мэндэлсэн хүүхдийг "ээжийн бурхан", "миний бурхан" эсвэл "бурханы хүү" хэмээн ихэвчлэн хэлдэг бол хорвоог орхин одсон хүмүүсийн араас "бурхан боллоо" гэж хэлдэг. Эдгээр үгсийг шүтлэгтэй ч бай, үгүй ч бай хүмүүс өдөр тутмын амьдралдаа ихэд хэрэглэж заншсан. Тэгэхээр "бурхан" гэдэг үг маань өөрөө тодорхой хэмжээгээр бидний хаанаас ирсэн, мөн эргээд хаашаа явах вэ гэдэг асуултыг хөтөлдөг учраас бидний үзэсгэлэнгийн нэртэй холбогдож байгаа. Магадгүй бид тийм нэг зүйлээс эхлэлтэй, тийм нэг зүйл рүү явах болвол тэр үг нь өөрөө "бурхан" гэдэг үгээр илэрхийлэгдэж байгаа байх. Тэгэхээр бид өөрсдөө тэр бурханы хүүхэд нь юм байна гэдэг санаа явж байгаа юм. Ерөнхийдөө “бурхан” гэдэг үг хүмүүсийн энэ сэтгэлгээний онцлогийг харуулаад байгаа юм болов уу гэж боддог. Харин "хүү" гэх нэршил нь зөвхөн эрэгтэй хүний талаар биш билээ. Ихэвчлэн ээжүүд охин хүүхдээ дуудахдаа ч хүртэл “миний хүү” гэдэг шүү дээ. Тэгэхээр хүүгийн цаана охин мөн байгаа юм.
Таны бүтээлүүдийн ерөнхий концепц мөн энэхүү санаатай холбоотой юу?
Яг зөв. Жишээ нь энд дэлгэгдсэн байгаа хөх далайн зураг бол амьдралын далайг илтгэнэ. Харин ард нь өлгөгдсөн цайвар өнгийн бүтээлүүд энэ амьдралын өмнөх буюу бидний хаанаас ирсэн гэх үл мэдэгдэх тэр мананлаг, зүүдний юм шиг газрыг илтгэнэ. Мөн магадгүй энэ амьдрал дууссаны дараа яг л тийм тодорхой бус, зүүдний мэт амьдрал байгаа байх гэсэн санаа явж байгаа юм.
Үнэхээр гайхалтай. Таны бүтээлүүдэд ер бусын амьтад, од гараг, байгаль орчны дүр төрх болон тайван, бүдэг өнгөнүүд давамгайлсан харагдлаа. Та уран бүтээл туурвих урам зоригоо хаанаас олж авдаг вэ?
Би байгаль дэлхийгээсээ ихэвчлэн урам зориг авдаг. Түүнчлэн 3D рельефийн арга барил ашигласан зургуудад оёдол, хатгамал зэргүүд багагүй орсон байгаа. Бурханы дүрслэл, танка зураг дээр байдаг зарим нэг элементүүд мөн анзаарагдах болно. Харин өнгөний хувьд цайвар, хар, ногоон зэрэг өнгөнүүд сонгосон нь өөрийн таашаасан өнгөнүүдийг хэрэглэсэн болов уу гэж бодож байна.
Тэгвэл материалуудын хувьд юу ашигласан бэ?
Холимог техникийг ерөнхийд нь авч үзсэн. Гэхдээ яг нарийн задалж үзэх юм бол эсгий материалтай инсталляци, даавуун ажлууд, зотон дээрх тос болон акрилик будаг гэх зэрэг материалууд ашигласан.
Уран бүтээлийн тань арга барил их сонирхолтой санагдлаа. Энэ удаагийн үзэсгэлэнгийн техникийн онцлог нь юу байсан бэ?
Өнгийг урвуулсан фото зургуудын негативийг муутуу цаасан дээр хэвлэж бодит амьдралд бараанаар харагдах хэсгүүдийг гэрэлтүүлснээр нийт дүрсийн давтагдашгүй өвөрмөц байдал харагдах бүтээлүүд туурвисан. Харин позитив буюу бодит хувилбарыг нь ухаалаг гар утасны тусгай функцийн тусламжтайгаар харах боломжтой. Энэ олон техникүүдийг хооронд нь уялдуулахыг оролдсон. Урд урьдынхаа үзэсгэлэнгүүддээ эдгээр техникүүдийг ашиглаж байсан ч дандаа тус тусад нь туршиж байсан юм. Жишээ нь, 2016 онд гаргаж байсан “Metamorphosis-2” үзэсгэлэнгээр дандаа даавууны ар хэсэгт хийсэн бүтээлүүд дэлгэгдсэн удаатай. 2017 онд гаргаж байсан “Crescendo” үзэсгэлэнгийн бүтээлүүдэд зөвхөн негатив дүрсийг ашигласан бүтээлүүд орсон. 2019 оны “Хайр” үзэсгэлэнд 3D рельефийн ажлууд байсан. Харин энэ удаагийн үзэсгэлэндээ бүх ашиглаж байсан техникүүдээ нэгтгэхийг зорьсон.
Сая таны бүтээлүүдтэй танилцаад явж байхад хоёр эрхэм хоорондоо таныг зарим бүтээлүүдээ хүүгийнхээ хамт зурсан хэмээн ярилцацгааж байсан. Үнэн болов уу?
Тийм ээ, хамт зурсан. Мөн хүүгийнхээ зурсан зургуудыг өөрийн бүтээлүүддээ оролцуулсан.
Яг одоо эгшиглэж байгаа ая, хөгжим их сайхан сонсогдож байна. Саунд артист Ц.Баяндалайтай хамтран ажиллах санаа хэрхэн гарч ирсэн бэ?
Тун санамсаргүй тохиолдлоор энэхүү Өвөр Монгол уран бүтээлчтэй холбогдсон. Манай нөхрийн найз нь байгаа юм. Бид хоёр зөвхөн цахимаар харилцаж байсны үр дүнд тэрээр хөгжмөө гаргасан. Түүний зохиосон хөгжим авиаг би цэвэр авьяас л гэж нэрлэнэ. Яагаад гэвэл цахимаар хүний бүтээлийг хараад мэдэрнэ гэдэг бол холын зайнаас бараг боломжгүй зүйл. Гэтэл бид маш сайн холбоо тогтоож чадсан учраас энэ хөгжмийн бүтээл маань мэндэлсэн байх. Өөрөөр хэлбэл бид концепцыг сайн уялдуулж чадсаны үр дүнд энэ хөгжим гарсан гэж би боддог.
Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
Амьдралын тайлшгүй нууцуудын гайхамшгийг өгүүлэх “Бурханы хүү” үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдэнэ.