Грэмми 2025 шагнал гардуулах ёслолд уран бүтээлээ толилуулах дуучдын нэрс зарлагдлаа
Дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг 67 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол 2025 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Лос-Анжелес хотын Crypto.com цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болсон. Нэр дэвшигчдийн хувьд дуучин Бейонсе нийт 11 номинацид өрсөлдөх бол Charli XCX, Билли Айлиш, Кендрик Ламар, Post Malone нар тус, тус долоон шагналд нэр дэвшжээ.
Харин ёслолын тайзнаа уран бүтээлээ толилуулахаар болсон дуучдаар Charli XCX, Билли Айлиш, Шакира, Чаппел Роан, Doechii, Сабрина Карпентер, Raye, Бенсон Бун, Тедди Свимс нар нэрлэгдсэн байна. Дуучин Билли Айлишийн хувьд тав дахь жилдээ дараалан Грэмми шагнал гардуулах ёслолд дуулж байгаа бөгөөд энэ удаагийн ёслол дээр түүнийг дуучин Charli XCX-тэй хамтран Guess нэртэй дуугаа дуулж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа юм.
Мөн энэ жилийн Грэмми шагнал гардуулах ёслол нь зөвхөн дуу хөгжмийн шилдгүүдийг шалгаруулаад зогсохгүй Лос-Анжелест гарсан томоохон ойн түймэрт нэрвэгдсэн хүмүүст зориулан хандив босгох, хүнд нөхцөлд гал түймрийг унтраахаар ажиллаж буй гал сөнөөгчид болон бусад ажилчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой зохиогдож буй гэдгээрээ онцлог болж байна. Одоогийн байдлаар тус шагналыг гардуулдаг Америкийн Дуу Бичлэгийн Академи (Recording Academy) болон MusiCares байгууллагаас гамшигт өртсөн хүмүүст 3.2 сая ам.долларын туслалцаа үзүүлэхээр болжээ.