TikTok платформ цахим шууд дамжуулалтаар явагдах дууны тэмцээн зохион байгуулна
Яг л бидний мэдэх “The Voice” шоутай ижил концепцтой боловч TikTok дээр шууд дамжуулалтаар явагдахаараа онцлог дууны тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь “Gimme the Mic” гэх нэрэн дор явагдах талаар тус платформын зүгээс мэдээлжээ. Шоу нийтдээ сонгон шалгаруулалт, хагас финал, гранд финал гэсэн гурван үе шаттай ба ялагчийг TikTok-ын хэрэглэгчид санал өгөх замаар сонгох гэнэ.
Тэмцээнд оролцохыг хүссэн хүн бүр өөрийн TikTok хаяг дээрээ багадаа 30 секундийн дуулж буй бичлэгээ #gimmethemic хэмээх хештегтэйгээр оруулах хэрэгтэй юм. Сонгон шалгаруулалт наймдугаар сарын 7-ны өдрөөс 16-ны хооронд явагдах болно.
Дараагийн шат болох хагас финалд АНУ-аас оролцож буй 30 авьяастныг шалгаруулах ба тэдэнд шууд дамжуулалтын үеэр хоорондоо дуэт дуулах даалгавар оногдох ажээ. Цаашлаад гранд финалд 10 оролцогч өрсөлдөхөөр үлдэж үзэгчдийн санал асуулгаар нэг ялагч тодрон 50,000 TikTok очир алмазын эзэн болох юм. Тус платформын мөнгөн тэмдэгтэд тооцогддог очир алмазыг жинхэнэ мөнгөөр солиулах боломжтой бөгөөд ханшийн үнэлгээ хэрхэн тогтох талаар одоогийн байдлаар ил болоогүй байна.
АНУ-аас тодорсон ялагч олон улсын Gimme the Mic тэмцээнд оролцох болзлыг хангаж байгаа гэсэн үг. Эцэст нь олон улсын өрсөлдөөнөөс шалгарах цорын ганц ялагч TikTok-ын албан ёсны сувгаар гарах эрх болон 500,000 очир алмазын эзэн болох юм.