Меган Маркл ба Патрик Жей Адамс нар “Suits” цувралыг орхино
Долоодугаар улирлыг дуусгаад
Жүжигчин Меган Маркл "Suits" цувралыг орхиж байгаа талаар бид саяхан мэдээллэж байсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүйн араас тус цувралын гол дүрийн жүжигчин Патрик Жей Адамс энэхүү төслийг орхих магадлалтай болохыг The Deadline вебсайт мэдэгдэж байна. Патрик Жей Адамс "Suits" цувралд онцгой чадвартай Майк Росс гэх хуульч залуугийн дүрийг бүтээдэг бол Меган Маркл түүний найз бүсгүй Рейчел Зэйний дүрд тоглосоор ирсэн юм.
Эх сурвалжийн мэдээллэснээр хоёр жүжигчин анхнаасаа цувралын долоодугаар улирал хүртэлх зураг авалтад оролцоно гэсэн гэрээ байгуулжээ. The Daily Star вебсайт Меган Марклыг сайн үйлс болон UNICEF сангийн үйл ажиллагаанд гол анхаарлаа төвлөрүүлэхээр шийдсэн гэж мэдэгдсэн юм. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний энэхүү шийдвэрийг Меганы найз залуу, хунтайж Харритай холбож тайлбарласан байна. Тодруулбал хунтайж Харри Меганыг өөрийн эмээ, хатан хаан II Элизабеттай аль хэдийнэ танилцуулсан гэх мэдээлэл тархаад байгаа юм. Харин цувралын продюсерууд жүжигчин Патрик Жей Адамсын цаашдын төлөвлөгөөний талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Гэхдээ "Suits" цувралын зохиолч Аарон Корш тус мэдээлэлд тайлбар өгөхдөө "Тэдний амьдралд янз бүрийн зүйлс тохиолдож байгаа. Тиймээс цаашид юу болохыг харцгаая" гэж ярьжээ.
Дахин сануулахад "Suits" цувралын долоодугаар улирал 2018 онд цацагдах болно.