Бейонсе, Сэм Смитийн хувцсыг урлаж өгдөг Украины Frolov брэндтэй танилцана уу
2015 онд үүсгэн байгуулагдсан Frolov брэнд нь маш богино хугацаанд дэлхий дахинд танигдаж, бүтээлүүдээрээ дамжуулан өөрсдийг нь том ирээдүй хүлээж байгааг батлан харуулаад байгаа юм. Нүдний хэлбэр бүхий шигтгээтэй хөхний даруулга, гялалзсан цацган чимэглэлтэй корсетууд бол Frolov-ын нэрийн хуудас болсон загварууд билээ. Одоо тус брэндийн хувцсаар Украины дуучин, телевизийн хөтлөгч Вера Брежнева, Дуа Липа, Рита Ора, Гвен Стефани, Деми Ловато зэрэг алдартнууд гоёдог. Түүнчлэн саяхан Бейонсегийн Atlantis The Royal зочид буудлын нээлтийн арга хэмжээн дээр дуулахдаа өмссөн даашинзыг, мөн Сэм Смитийн “I’m Not Here To Make Friends” дууны клип дээр гардаг ард талдаа зүрхэн хэлбэрийн цоолбортой корсетыг Frolov брэнд тусгайлан хийж өгсөн билээ.
Сэм Смитийн “I’m Not Here To Make Friends” дууны клип
Энэхүү брэндийн үүсгэн байгуулагч Иван Фролов нь бага наснаасаа эхлэн хувцас дизайнер болох хүсэлтэй байсан бөгөөд мөрөөдөлдөө хөтлөгдөн Киевийн үндэсний дизайны институтэд хувцасны инженер конструктор мэргэжлээр суралцжээ. Суралцаж байх хугацаандаа Украины телевизийн шоунд туслах дадлагажигчаас стилист хүртэл дэвшин ажиллаж байв. Олсон цалингаа өөрийн гэсэн цуглуулгаа гаргахаар хадгалж, их сургуулийн хоёрдугаар түвшинд байхдаа Украины залуу шилдэг дизайнеруудыг шалгаруулдаг "Погляд у майбутнє" тэмцээнд оролцон финалд үлдэж, жилийн дараа л гэхэд гран-при шагнал хүртэж чадсан юм. Үүний дараа Фролов өөрийн гэсэн брэндээ үүсгэн байгуулахаар шийдэн Украины загварын долоо хоногт оролцсоноор олон улсад алдар нэрээ гаргах аяллаа эхлүүлсэн байна.
Тэрээр телевизийн шоунд стилистээр ажиллаж байсан туршлага нь түүнд маш их тус болсон гэдгээ онцолдог. Тухайн ажлаараа дамжуулан Орос болон Украины шоу бизнест хөл тавьж, алдартнуудтай танилцаж, улмаар тэднийг үйлчлүүлэгчээ болгон татаж чаджээ.
Мөн Фроловын амжилтын эх үүсвэрийг түүний зоригтой шийдэмгий зан чанар болон эмэгтэйлэг гоо зүйг өөрийнхөөрөө тодорхойлж чадсантай нь холбон тайлбарладаг. Тэрээр BDSM гоо зүй болон drag урлагаас сэдэвлэсэн хувцас урлахаас эмээдэггүй билээ. Үүнээс гадна Фролов хэзээ, ямар загварыг, хэрхэн толилуулахаа нарийн мэдэрч фенүүдийнхээ нэгдлийг бүрдүүлж чадсан. Тухайлбал, хүн бүр хуримын өдрөөрөө Диснейн гүнжид хувирахыг хүсдэггүй гэдэгт Фролов үндэслэн уламжлалт хуримын даашинзны хэв маягийг эвдэж эхэлсэн нь олон ч эмэгтэйчүүдийн хүсэлд нийцээд байгаа юм.