Хайх

Зөвхөн улаан лоолиор зогсохгүй: Цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

Зөвхөн улаан лоолиор зогсохгүй: Цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

Text: Buro.Mongolia


Хүн төрөлхтний нас баралтын шалтгааны нэгдүгээр байранд зүрх судасны өвчлөлүүд багтдаг. Уг өвчинтэй холбоотой хамгийн түгээмэл тохиолддог хүндрэлүүдийн нэг бол цус өтгөрөлт (Гиперкоагуляци) билээ. Буруу хооллолт, архаг өвчин, Ковид-19 халдвар гээд цус өтгөрөлтийн шалтгаан олон. Тэгвэл хоол хүнсээ цус шингэрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдээр баяжуулснаар буруу хооллолтын улмаас үүссэн уг хүндрэлийг даван туулах боломжтой юм. Харин архаг, хууч өвчтэй, зүрхний хэмнэл алдагддаг, хагалгаанд орсон зэрэг шалтгаануудаас үүдэж цус өтгөрөлт тогтоогдсон бол дур мэдэж бус, зөвхөн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх шаардлагатайг анхаарна уу. Мөн та урьдчилан эмчтэйгээ зөвлөлдөхгүйгээр эмийн болон бусад төрлийн эмчилгээг доор дурдсан бүтээгдэхүүнээр орлож эсвэл хавсарч хэрэглэхийг хориглоно.

1. Турмерик

Зөвхөн улаан лоолиор зогсохгүй: Цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд (фото 1)

Уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүний нэг бол турмерик хэмээх шар өнгийн амтлагч билээ. Тэгвэл турмерикийн талаар хийсэн БНСУ-ын Кёнбукын үндэсний их сургуулийн эм зүйн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн 2012 оны судалгаанд тус амтлагчны үндсэн бүрэлдэхүүн болох куркумин нь цусны бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээтэйг (уг хүндрэл үүсэхээс сэргийлж, бүлэгнэлт үүсгэдэг хүчин зүйлсийг дарангуйлдаг) тогтоожээ.

2. Цагаан гаа

Зөвхөн улаан лоолиор зогсохгүй: Цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд (фото 2)

Цагаан гаанд агуулагддаг хамгийн чухал бодис бол салицилат юм. Энэ нь цус харвалт, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлдэг билээ. Салицилат нь цагаан гаанаас гадна авокадо, чинжүү, интоор жимсэнд агуулагддаг. 

3. Шанцай

Зөвхөн улаан лоолиор зогсохгүй: Цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд (фото 3)

Шанцай нь цус өтгөрөлтийн эсрэг эмийн үндсэн бодис болох кумарин агуулдаг. Ингэснээр шанцай нь цусны даралтыг бууруулж, үе мөчний болон бусад үрэвслийг намдаадаг юм. Гэхдээ тус бүтээгдэхүүний анагаах чадварын талаар хүн дээр хийсэн шинжлэх ухааны туршилтууд хангалтгүй байгааг мэргэжилтнүүд онцолдог байна.

Шанцайг хүнсэндээ хэрэглэхдээ өндөр сэрэмжтэй байхыг анхааруулъя. Учир нь 2012 онд хийгдсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар шанцай болон шанцайн найрлагатай бусад бүтээгдэхүүнийг (талх, цай, хоол) урт хугацаагаар, тогтмол хэрэглэх нь элгэнд сөрөг нөлөөтэй болохыг тогтоосон байна.

4. Чинжүү

Зөвхөн улаан лоолиор зогсохгүй: Цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд (фото 4)

Чинжүү нь цусны даралтыг бууруулж, цусны эргэлтийг нэмэгдүүлж, цус шингэрүүлдэг салицилатыг ихээр агуулдаг билээ. 

5. Өндөр тослогтой загас

Зөвхөн улаан лоолиор зогсохгүй: Цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд (фото 5)

Тослог өндөртэй загас нь зүрх болон бусад эрхтэнд ашигтай элементүүдээр баялаг юм. Тус бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэснээр зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж, цус шингэрүүлж, дархлаа дэмжиж, хөгшрөлтийг удаашруулдаг ашигтай билээ.

6. Бусад бүтээгдэхүүнүүд

Зөвхөн улаан лоолиор зогсохгүй: Цус шингэлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд (фото 6)

Зүрх судасны ямар нэг асуудалтай хүмүүс шинэ жимс, хүнсний ногоо, 100% үр тариа, тослог багатай эсвэл тослоггүй сүү, сүүн бүтээгдэхүүн болон эрүүл уураг хэрэглэх шаардлагатай. Мөн бууцай, ногоон өнгийн навчит ногоо, цэцэг байцаа, брюсселийн байцаа, аспарагус, хулуу, нэрс, эдамаме зэрэг K витаминаар баялаг хүнс биед тустай. Харин өөх тоос, холестерин болон сахар өндөр агууламжтай бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх