Хайх

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав

Text: Б.Энххүслэн


2022 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путин "цэргийн тусгай ажиллагааг" Украинд эхлүүлэхээ мэдэгдэв. Улмаар Украины зүүн хойд хэсэгт орших Харьков хотод дэлбэрэлт болж эхэлсэн бөгөөд дайн өдгөө 12 дах өдрөө үргэлжилж байна. Дэлхийг цочроосон энэ үйл явдлын шалтгаан нь юу вэ?

1992 - 2004

Хар тэнгисийн усан флот

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 1)
Хар тэнгисийн флот

1991 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр тохиосон Зөвлөлт Холбоот Улсын бутралын дараа Орос болон Украин улсууд найрамдлын харилцааныхаа хүрээнд ЗХУ-ын үед үүссэн эдийн засгийн харилцаагаа хадгалах үүднээс хамтын ажиллагааны маш олон гэрээ, хэлцлүүдийг хийж байв. Улмаар эдгээр улсын хооронд Крым болон тэнд байрлах усан боомттой холбоотой маргаанууд гарч эхэлсэн юм. Тодруулбал, ЗХУ-ын бутралын дараа Хар далайд гарцтай, хүн амын хувьд орос үндэстэн давамгайлдаг Крым нь Украины бүрэлдэхүүнд хэвээр үлдэж автономит эрхтэй бүгд найрамдах улс болсон юм. Ийнхүү Крым автономит эрхтэй болсноор Украин улсаас салан тусгаарлагдах асуудал ихээр яригдаж эхэлсэн билээ. Тухайлбал, Крымийн улс төрийн зүтгэлтэн Юрий Мешков тэргүүтэй “Россия” блок нь Украинаас салан тусгаарлагдаж, Оростой нэгдэх үйл ажиллагааг явуулж байжээ. Харин Украины эрх баригчид Крымд явагдаж байсан тус хөдөлгөөнийг таслан зогсоож автономит эрхээс нь түдгэлзүүлсэн байдаг. Тухайн үед энэхүү асуудалд Оросын талын оролцоо маш бага байжээ. Харин Орос улсыг хамгийн ихээр зовоож байсан асуудал нь Крымд байрлах Хар тэнгисийн усан флот хэмээн үздэг байна. Учир нь ЗХУ бутарсны дараа Хар тэнгисийн усан флотын эрх зүйн байдлыг тодорхойлох асуудал хурцаар тавигдаж эхэлсэн бөгөөд Украины талаас өөрсдийн газар нутаг дэвсгэр дээр ОХУ-ын цэргийн хүчийг байршуулахаас татгалзаж, харин ОХУ өөрсдийн хувьд стратегийн өндөр ач холбогдолтой бөгөөд хуучин ЗХУ-ын үед хамтын мэдэлд байсан усан флотыг дан ганц Украины мэдэлд оруулахыг эсэргүүцэж байв. Энэхүү асуудал нь тав гаруй жилийн турш үргэлжлэхдээ төрийн эрхийг барьж байсан Украины ерөнхийлөгч Леонид Кравчук болон ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин нар Хар тэнгисийн усан флотын эрх зүйн байдлыг өөрсдийнхөөрөө тодорхойлсон зарлигийг нэгэн зэрэг гаргаж байсан. Ийнхүү тодорхой зөвшилцөлд хүрэхгүй удсаар асуудал 1997 оны тавдугаар сард баталсан “Найрамдал, хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээгээр” намжсан юм. Тус гэрээний дагуу ОХУ-ын Тэнгисийн цэргийн флот 2017 он хүртэл (талууд эсэргүүцээгүй тохиолдолд гэрээ сунгагдах заалттай) байрших эрхтэй болов. Харин 2005 оноос Украины төрийн эрх барууны үзэл баримтлагч Виктор Ющенкод шилжсэнээр Хар тэнгисийн флотын асуудал дахин хөндөгдөж эхэлсэн юм. Тэрээр 1997 онд хийсэн тус флотын гэрээ нь Украины үндэсний эрх ашигт харшилж байна гэх үндэслэлээр гэрээг 2017 оноос хойш сунгахгүй болохоо мэдэгдсэн билээ. Харин Ющенкогийн дараагийн ерөнхийлөгч болох Виктор Янукович нь Европын улсуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ ОХУ-тай найрамдлын харилцаагаа авч үлдэх ажлуудыг нэгэн зэрэг явуулах бодлогыг баримталж Хар тэнгисийн усан флотын гэрээг сунгасан байдаг.

2005 - 2009

“Оранжевая революция” буюу “Улбар шар хувьсгал” (Өнгөт хувьсгал)

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 2)
Улбар шар хувьсгал

Евразийн Эдийн Засгийн Холбооноос хүн, бараа, үйлчилгээ болон хөрөнгийн чөлөөт урсгалыг хангах нэгдсэн зах зээлийг байгуулах зорилготой “Эдийн засгийн нэгдсэн орон зайны” тухай гэрээг баталсан бөгөөд Украин улс тус гэрээнд нэгдэн орох асуудал парламент, иргэдийн дунд шүүмжлэл дагуулсан юм. Тэдний зүгээс энэхүү гэрээнд нэгдэн орсноор үндсэндээ хуучны ЗХУ-ын систем дахин биеллээ олно гэх дүгнэлтийг дэвшүүлж байжээ. Энэ үеэр Украины ерөнхийлөгчийн сонгуульд Оросын үзлийг баримтлагч Янукович болон барууны үзэлтэй Ющенко нар өрсөлдөж байсан ба сонгуулийн үр дүнд Янукович ялалт байгуулсан билээ. Харин Украины хагас сая гаруй ард иргэд уг сонгуулийг будлиантай явагдсан хэмээн эсэргүүцэж, хариуг хүчингүйд тооцон дахин сонгууль явуулахыг шаардаж, хоёр гаруй сарын турш Киевийн төв талбайд жагссан ба энэ үйл явдлыг “Улбар шар хувьсгал” хэмээн нэрлэсэн юм. Улмаар Украины Дээд шүүхээс холбогдох хуулийн заалтыг зөрчсөн үндэслэлээр сонгуулийн ялагчийг тогтоох боломжгүй хэмээн үзэж сонгуулийн гуравдугаар шатыг товлосон байна. Дахин сонгуулийн үр дүнд Януковичийн өрсөлдөгч Ющенко 8% зөрүүгээр ялсан байдаг. Виктор Ющенко төрийн эрх барьж байх хугацаандаа асуудал дагуулаад байсан “Эдийн засгийн нэгдсэн орон зайны” тухай гэрээний зөвхөн чөлөөт худалдаа явуулах хэсгийг хүлээн зөвшөөрч, Евро-Атлантын вектор луу чиглэсэн олон улсын бодлогыг голчлон хэрэгжүүлж байсан юм. Тухайлбал, 2007 оноос Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээг байгуулах хэлцлийг эхлүүлж, Умард Атлантын Гэрээний Байгууллагад (НАТО) элсэхтэй холбоотой ажлуудыг (Бухарестэд зохион байгуулагдсан Саммитаар Герман, Франц улсууд Украиныг нэгдэхэд зөвшөөрөөгүй) хэрэгжүүлэв. ОХУ-ын талаас “Улбар шар хувьсгал”, Умард Атлантын Гэрээний байгууллагад элсэн орох болон ерөнхийлөгч Ющенкогийн баримталж буй бодлого дээр эсрэг байр суурь илэрхийлсэн юм.

2010 - 2011

Януковичийн эрх барьсан үе

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 3)
Виктор Янукович

2010 оны Украины ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Янукович ялалт байгуулж ОХУ-тай эдийн засаг, хамтын ажиллагааны шинэ гэрээнүүдийг байгуулснаар улс хоорондын зөрчилдөөнүүд намжиж эхэлсэн. Тухайн үед Янукович Европын Холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулах болон ОХУ-ын зүгээс тавьсан Евразийн Эдийн Засгийн холбооны Гаалийн Холбоонд нэгдэн орох чухал хоёр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байв. Тэрээр Европын Холбоотой интеграцчилах ажлаа тэргүүний ач холбогдолтой хэмээн үзсэний сацуу Евразийн Эдийн Засгийн холбооны Гаалийн Холбоонд нэгдэн орох тохиромжтой загварыг хайж дундыг баримталж байв. Харин В.Путины зүгээс Украин улс Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тохиолдолд Гаалийн Холбоонд нэгдэн орох боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Үүнтэй зэрэгцэн Украины алт, гадаад валютын нөөц буурч, Олон Улсын Валютын Фонд, “Газпром”-оос авсан зээлээ төлөх боломжгүйд хүрч байсан. Тэгвэл тухайн үед “Коммерсант” хэвлэлийн мэдээллэснээр Украинд тохиосон эдийн засгийн хямралын үед ОХУ-аас 15 тэрбум ам.долларын тусламж олгохоор санал болгосон бол Европын Холбоо 600 сая еврог Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд олгохоор амлажээ. Ийнхүү Янукович Оросын саналыг хүлээн авч 2007 оноос хойш бэлдсэн Европын Холбоотой байгуулах гэрээг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тус үйлдэл нь 2013 оны нийтийг хамарсан эсэргүүцэл буюу “Евромайдан” жагсаалын эхлэлийг тавьж үр дүнд нь Януковичийг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч энэхүү шийдвэрийг хууль ёсны эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн билээ.

2014 - 2019

Донецк, Луганск болон Крым

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 4)
Крым

ОХУ-ын зүгээс Крымийг улсдаа нэгтгэх ажиллагааг эхлүүлж, Украины нутаг дэвсгэр дээр цэргийн хүч ашиглах тухай тогтоолыг баталсан. ОХУ тус үйлдлээ Украинд суугаа Орос үндэстнээ хамгаалах зорилготой хэмээн тайлбарладаг бөгөөд ОХУ-ын үйлдлийг Крымийн дийлэнх иргэд дэмжиж, Крымийн статусыг тодорхойлох референдум (Украинаас салан тусгаарлагдаж, Орос улсад нэгдэх тухай) буюу бүх нийтийн санал асуулгыг явуулдаг билээ. Энэхүү санал асуулгын үр дүнд Бүгд Найрамдах Крым улс гэдгээ тунхаглаж, улмаар ОХУ-тай Бүгд Найрамдах Крым улсыг элсүүлэх тухай хэлэлцээрт гарын үзэг зурдаг. Украины талаас тус үйлдлийг Оросын гаргасан түрэмгийллийн нэг хэлбэр гэж үзсэн ба Крымийг ОХУ-д нэгдсэнийг хүлээн зөвшөөрөөгүй, харин түр эзлэгдсэн нутаг дэвсгэр хэмээн тодорхойлсон юм. Харин Нэгдсэн Үндэсний Байгууллагын 193 орноос 100 нь Крымд болсон бүх нийтийн санал асуулгыг эрх зүйн хувьд хүчингүй гэж үзэж Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай тогтоолд гарын үсгээ зурсан бол НАТО, Европын Холбоо, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагаас ОХУ-ын үйлдлийг түрэмгийллийн нэг хэлбэр, Украины бүрэн бүтэн байдалд халдсан хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн Олон улсын эрүүгийн шүүхээс үйл явдлыг ОХУ болон Украины дунд үүссэн маргаан хэмээн үзсэн. 

Евромайданы жагсаалтай зэрэгцэн Украины зүүн өмнөд хэсгийн иргэд Засгийн Газрын баримталж буй хэт барууны үзлийн эсрэг, орос хэлээ хамгаалан үлдэх зорилгоор дуу хоолойгоо нэгтгэв. Донецк, Луганск хотуудад энх тайван байдалтай эхэлсэн тус жагсаалд нэгдэх хүмүүсийн тоо нэмэгдэх хэрээр үйл явдал зэвсэгт мөргөлдөөн төлөвт шилжиж байв. Тэд тусгаар тогтнолыг шаардаад зогсохгүй Бүгд Найрамдах Улс хэмээн өөрсдийгөө тунхаглажээ. Улмаар Украины Засгийн Газар үүсээд буй салан тусгаарлагдах нөхцөл байдлын эсрэг тусгай ажиллагаа (терроризмын эсрэг) явуулахаар шийдвэрлэдэг. Тэгвэл Украин, АНУ, НАТО, Европын Холбоо нь ОХУ-г салан тусгаарлагдахаар зорьж буй иргэдэд зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлж, Оросын цэргийн хүчийг ашиглаж байгаа гэх шалтгаанаар нөхцөл байдлыг хурцадмал түвшинд авчирсан гэж буруутгадаг. Харин ОХУ дүгнэлтийг няцааж, сөргөлдөөний аль нэг тал биш гэдгээ мэдэгдсэн юм. Улмаар 2014 оны хавар ОХУ-ын цэргийн хүч Украины халдлагад өртсөний дараа ОХУ Донецк, Луганскд шууд цэргийн туслалцаа үзүүлэхээр цэргүүдээ илгээдэг. Украины Аюулгүй Байдлын Зөвлөл ОХУ-ын шийдвэрийг "Крымд болсон явдал дахин давтагдах гэж байна" хэмээн дүгнэсэн юм. ОХУ-ын албан ёсны эрх баригчид, тэр дундаа ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын цэргийн хүч тогтмол, суурьшилтайгаар байршсаныг эсэргүүцсэний зэрэгцээ "Тус газар нутагт манай улсын тусгай цагдаагийн ангиуд байршсан. Бид анхнаасаа л Украинд асуудлыг шийдвэрлэх зорилготой ОХУ-ын албатууд байршаагүй гэж мэдэгдээгүй. Гэвч энэ нь Оросын тогтмол, суурьшилтай цэргийн хүч байршсан гэсэн үг биш" хэмээн хэлсэн билээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик "одоогийн байдлаар аль улсын цэргийн хүч ямар хил дээр байршсаныг тогтоох боломжгүй байна" хэмээн мэдэгдсэн бол НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын ажиглалтын баг Украины зүүн хэсэгт болж буй зэвсэгт мөргөлдөөнд Оросын цэргийн албан хаагчид оролцсон тухай өөрсдийн тайландаа тусгасан билээ. Мөн Олон улсын эрүүгийн шүүх тус хэргийг олон улсын шинжтэй гэж үзсэн бөгөөд нөхцөл байдал хурцадсан нь Оросын Холбооны Улсаас Донецк болон Луганскд цэрэг, санхүүгийн дэмжлэг үзүүлсэнтэй холбоотой гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн юм.

2019 - Одоо цаг

Ерөнхийлөгч В.Зеленский болон В.Путин

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 5)
Владимир Зеленский

2019 оны Украины Ерөнхийлөгчийн сонгуулиар барууны үзэлтэй Владимир Зеленский ялалт байгуулж өмнөх ерөнхийлөгч Порошенкогийн адил ОХУ-ын эсрэг хатуу бодлогыг баримталж эхэлсэн юм. Тэрээр АНУ болон Европын Холбоонд хандан Оросын түрэмгийллийн эсрэг хориг арга хэмжээг чангатгаж, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишельд хандан Оросын эсрэг хоригоо хадгалан үлдэхийг хүссэн бөгөөд гадаад бодлогын хүрээнд тус хүсэлтээ тавьсаар байсан билээ. 2021 оны эхэн үед Владимир Зеленский Крымийг Украинд нэгтгэх ажиллагааг идэвхтэй өрнүүлж “Түр эзлэгдсэн Автономит Бүгд Найрамдах Крым улсыг Украинтай дахин интеграцчилах стратегийг” боловсруулан, тус төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор Киевийн зүгээс дипломат, цэргийн, эдийн засгийн, мэдээллийн, хүмүүнлэгийн болон бусад шинжтэй арга хэмжээг авахаа мэдэгдсэн юм. Түүнчлэн ерөнхийлөгч Зеленский “ОХУ нь Крым, Донецк болон Луганскийн нутаг дэвсгэрийг эзэлж, цэргийн, улс төрийн, эдийн засгийн, мэдээлэл ухуулгын, кибер болон бусад арга хэрэгслээр дамжуулан Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд заналхийлсэн зэвсэгт түрэмгийллийг хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний дайсан хэвээр үлдэнэ” хэмээн мэдэгдсэн байдаг. Улмаар 2021 оны хавар мөргөлдөөний бүс болох Украины зүүн хэсэгт байдал улам хурцдаж, Украины талаас ОХУ-г цэргийн хүчээ хоёр улсын хил дээр төвлөрүүлсэн шалтгаанаар нөхцөл байдалд буруутгаж байсан юм. Улмаар НАТО болон бусад олон улсын байгууллагууд ОХУ Украины хил дээр цэргийн хүчээ төвлөрүүлсэн эсэх талаар хэлэлцсэн байдаг. Харин ОХУ-ын зүгээс тус мөргөлдөөнийг Украин өөрсдөө эхлүүлсэн бөгөөд АНУ болон НАТО-ийн Украины үйлдлийг дэмжиж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Үүний дараа ОХУ Крым дахь цэргийн хүчээ чангатгаж, ОХУ-аар дамжин өнгөрөх цэргийн хүчний тухай хуулиа түр түдгэлзүүлсэн. ОХУ-ын энэхүү үйлдэл нь түрэмгийллээ зогсоох сэдэлгүй байгааг баталж байна хэмээн Украин үзсэн юм.

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 6)
В.Путин

2021 оны арваннэгдүгээр сарын 2,3 өдрүүдэд АНУ-ын Тагнуулын Төв газрын дарга Уильям Бёрнс ОХУ-д айлчилж Украины хил дээр болж буй мөргөлдөөний талаар санаа зовниж байгаагаа ерөнхийлөгч Жо Байдены нэрийн өмнөөс илэрхийлсэн билээ. Мөн НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украины эргэн тойрон дахь хурцадмал байдлыг бууруулахыг барууны орнуудад уриалсан байдаг. Улмаар Герман болон Францын зүгээс асуудалд хязгаартай хандахыг зөвлөж, санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.

Тухайн үед В.Путин Украин улс НАТО-д албан ёсоор элсээгүй ч барууны орнуудтай цэргийн болон техникийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа дээр ихэд анхаарлаа хандуулж, Оросын эсрэг довтолгоо ирэхгүй байх баталгаа байхгүйг мэдэгдэж байв. Мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “АНУ болон бусад орнууд нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж, танк эсэргүүцэгч пуужинг Украинд нийлүүлж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна” хэмээн мэдэгдсэн юм. Харин В.Путин “Тэдний Украины нутаг дэвсгэр дээр хийж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа ажиллагаа нь манай улсын хилээс олон мянган километрийн зайд биш, харин манай гэрийн босгонд тулж ирээд байна. Бидэнд цаашид ухрах газар байхгүй гэдгийг тэд ойлгох ёстой” хэмээжээ. Ийнхүү ОХУ НАТО-оос урт хугацааны аюулгүй байдлын баталгаа гаргуулах хүсэлтийг тавьсан ч 2022 оны нэгдүгээр сарын 26-нд АНУ ОХУ-ын шаардлагыг хүлээж авахаас татгалзсанаар нөхцөл байдал улам ширүүссэн билээ. АНУ татгалзсан шалтгаанаа "Украин улс хараат бус байдал, хилийн аюулгүй байдлаа хадгалан үлдэхийн төлөө аюулгүй байдал, хамгаалалтын зохицуулалт болон ямар эвсэлд нэгдэн орохоо өөрсдөө шийдэх бүрэн эрхтэй. Бид олон улсын хуулиа дагах болно" хэмээн тайлбарласан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх