Гвен Стефани гоо сайхны брэнд үүсгэн байгуулж мөн блог хөтөлнө

P8nt нэрээр

Ингээд харахад өнөөдөр олны танил бүсгүйчүүд бүгд гоо сайхны брэнд үүсгэн байгуулах болжээ. Ким Кардашьян ба Рианна нарын амжилт бусад алдартнуудад урам зориг өгч, өөрийнхөө нэрийн косметик бүтээгдэхүүний брэнд гаргахад нөлөөлөөд байна. Виктория Бекхэм, Серена Уильямс, Линдси Лохан нар аль хэдийнэ нэрийн брэнд гаргах болсноо зарлаад амжсан бол, Allure сэтгүүлийн мэдээллэж буйгаар тэдний эгнээнд одоо дуучин Гвен Стефани нэгдэж байна.

Гвен Стефанигийн гаргах гоо сайхны брэнд P8nt (paint буюу зурах гэсэн утгатай) хэмээн нэрлэгдэх бөгөөд өөртөө нүүр будалт хийхэд хэрэг болох бүхий л бүтээгдэхүүнийг агуулах гэнэ. Тодруулбал уруулын ба нүдний харандаа, нүдний тень, сормуусны будаг, уруулын будаг, өө дарагчийн иж бүрдэл, хацар өнгөлөгч, уруул өнгөлөгч, хумсны будаг болон хиймэл сормуус ба хумс гэх бүтээгдэхүүнүүдийг P8nt брэнд санал болгоно. Түүнчлэн Allure-ийн мэдээллийн дагуу Стефани нүүрний маск, чийгшүүлэгч тос, биеийн скраб ба тос гэх зэрэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд гаргах магадлалтай байна.

Нэрийн брэнд үүсгэн байгуулахаас гадна Гвен тун удахгүй өөрийгөө арчлах, нүүр будалт хийх, мөн гоо сайхны ерөнхий зөвлөгөө өгөх онлайн тавцан гаргахаар шийджээ.

Buro.Mongolia

2018-04-04, 14:00

  • Зураг: