Нүдээ хүрээлэхэд, уруулаа будахад, нүдний тениэ уусгахад зориулагдсан багснууд
Нунтаг бүтэцтэй будганд зориулагдсан хөвсгөр багс
Багснууд дундаа хамгийн том хэмжээтэй, зөөлөн, хөвсгөр энэ багс нь нунтаг бүтэцтэй пудр, хацар өнгөлөгч, бронзер болон хайлайтер түрхэхэд хэрэг болно.
Нүд хүрээлж, хөмсөг будахад зориулагдсан ташуу ирмэгтэй багс
Нягт байршилтай богино ширхгүүдээс бүрдсэн ташуу ирмэгтэй багс нь нүд хүрээлэх, контур зурах ба хөмсөг будахад тохиромжтой. Энэхүү багсны ачаар нарийн бөгөөд тод зураас зурах боломжтойн зэрэгцээ тень, нүдний харандаа, гель гэх зэрэг төрөл бүрийн бүтэцтэй будганд ашиглаж болно.
Тень түрхэхэд зориулагдсан хавтгай багс
Ерөнхийдөө тень түрхэхэд хоёр төрлийн багс хэрэг болдог. Нэг нь будгаа түрхэхэд, харин нөгөөх нь уусгахад зориулагдсан байдаг. Будгаа түрхэхэд байгалийн үстэй, хавтгай багс хамгаас илүү зохимжтой. Ингэснээр будаг үүрч, бутрахгүйгээр жигд түрхэгдэх болно.
Тень уусгахад зориулагдсан бамбар хэлбэрийн багс
Тенийг уусгахдаа зөөлөн, хөвсгөр атлаа дундаж хэмжээтэй багс ашиглаарай. Багсны ирмэг тэгш биш, харин дугуй хэлбэртэй байвал илүү зохимжтой.
Уруулын будаг түрхэхэд зориулагдсан хавтгай багс
Хиймэл эсвэл байгалийн үстэй, хүрз хэлбэрийн жижиг багс нь уруулын будаг түрхэхэд зориулагдсан юм. Багсны хавтгай хэсгээр будгаа түрхэж, тэгш ирмэгээр нь уруулаа хүрээлж болно.
Суурь кремэнд зориулагдсан хоёр төрлийн үстэй багс
Арьсаа жигд бөгөөд нягт бүрхэхийг хүссэн бүсгүйчүүд хоёр төрлийн үстэй багс ашиглах хэрэгтэй. Суурь крем түрхэхэд хамгаас тохиромжтой Smashbox-ын багсны бариулыг эргүүлснээр багсыг илүү хөвсгөр эсвэл нягт болгон тохируулах боломжтой.
Нунтаг бүтэцтэй будганд зориулагдсан дэвүүр хэлбэрийн багс
Дэвүүр хэлбэрийн багсыг ашиглах шаардлага ховор гардаг ч, илүүдэл тень болон нүдний сааг арилгаж, суурь кремээ уусгах даалгаврыг энэ багс хамгийн гарамгай биелүүлнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт