#BuroCrush: Ямар ч дүрд төгс хувирах чадвартай Остин Батлер
Саяхан "Dune" бүтээлийн хоёрдугаар анги нээлтээ хийж кино шүүмжлэгчид болон үзэгчдээс маш өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Тус кинонд Тимоти Шаламе, Зендея, Флоренс Пью, Леа Сейду, Аня Тейлор-Жой зэрэг олон чадварлаг уран бүтээлчид дүр бүтээсэн ч тэдний дундаас жүжигчин Остин Батлерын харц, биеийн өгүүлэмж болон жүжиглэх чадвар олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад буй юм. Зарим уншигчид маань түүнийг "Elvis", "Once Upon a Time... in Hollywood" зэрэг кинонуудаар нь сайн мэдэх болов уу.
Тиймээс энэ удаагийн #BuroCrush-аар бид ямар ч дүрд хувирах чадвартай, авьяаслаг жүжигчин Остин Батлерыг онцолж байна. Ингээд түүний талаар сонирхолтой баримтуудыг хүлээн авна уу.
Ерөнхий мэдээлэл
Нэр: Остин Роберт Батлер
Төрсөн он, сар, өдөр: 1991.08.17 (32 настай)
Орд: Арслан
Өндөр: 183 см
Instagram: @austinbutler
Остин Батлерыг 13 настай байхад нэгэн агентлагийн ажилтан олж харж, энтертайнмент ертөнцөд хөл тавихад нь тусалжээ. Тэрээр багадаа маш ичимхий, дотогшоо зан чанартай хүүхэд байсан ч жүжиглэх түүнд таалагдаж, цаашид энэ авьяасаа хөгжүүлэхээр шийдсэн гэдэг. Ийнхүү олон сонгон шалгаруулалтад оролцож, хэд хэдэн бүтээлүүдийн олны хэсэгт тоглосны эцэст 2005 онд буюу 14 насандаа Nickelodeon сувгийн "Ned's Declassified School Survival Guide" цувралд анхны дүрээ бүтээж байжээ.
Ингээд түүний урлагийн гараа албан ёсоор эхэлж, цаашлаад "Hannah Montana", "iCarly" зэрэг алдартай цувралуудад туслах дүр бүтээн, олонд илүү танигдаж чадсан түүхтэй. Харин 2008 онд "Zoey 101" цувралд тоглох санал авч, анхны гол дүрээ бүтээж байсан юм.
Түүний ээж Лори Батлер 2014 онд хорт хавдрын улмаас таалал төгссөн билээ. Энэхүү харамсалтай үйл явдал тохиолдсоны дараа Остин сэтгэл санааны хувьд хүндхэн байдалд орж жүжиглэхээ бараг л болихоор шийдсэн гэнэ.
Тэрээр энэ талаар "Би өмнө нь хэзээ ч ийм хэцүү зүйлийг мэдэрч байгаагүй. Ээжийг нас барсны дараа 'Shannara Chronicles' цувралын зураг авалтад оролцохоор шууд Шинэ Зеланд руу явж байлаа. Зураг авалтын үеэр би сайхан цаг хугацааг өнгөрүүлж, хамт олонтойгоо өдрийн турш хөгжилдөж байсан ч гэртээ очоод шөнө бүр уйлдаг байсан. Тэгээд л цуврал дууссаны дараа жүжигчин байхаа больё гэж бодсон юм. Үүнээс хэдэн сарын дараа агентлагаас залгаад 'The Iceman Cometh' жүжгийн шалгаруулалтад ороод үз гэж ятгасан. Би дотроо 'Тэд намайг хэзээ ч жүжигтээ тоглуулахгүй дээ, ер нь надад тэр жүжигт тоглох эрх байгаа гэж үү?' хэмээн бодсон ч гайхалтай нь намайг Дон Пэрришийн дүрд сонгочихсон байсан. Тэр үе л миний карьерыг өөрчилсөн онцгой мөч байсан юм уу даа" хэмээжээ.
Остин "Elvis" киноны дүрийн сонгон шалгаруулалтад оролцохоосоо өмнө алдарт дуучин Элвис Преслигийн тухай нэлээдгүй судалж үзсэн гэдэг. Ийнхүү тэдэнд олон төстэй тал байгааг анзаарч, тэр дундаа Элвис Пресли болон Остин нар хоёул ээжийгээ 23 настай байхдаа алдаж байсан гэдгийг олж мэджээ. Энэхүү хачирхалтай давхцалын талаар шөнөжин эргэцүүлсний эцэст Остин ээжийнхээ талаар муухай зүүд зүүдлэн сэржээ. Тухайн үед Остин "Элвис Пресли ч гэсэн мөн адил ээжийнхээ араас над шиг гашуудаж, үргэлж санадаг байсан байхдаа" хэмээн бодоод амжив. Энэ үед Остин шууд л орноосоо босоод, гэрийнхээ хувцастай, үс нь бага зэрэг сэгсийчихсэн байдалтай агуу дуучны "Unchained Melody" дууг дуулж буй бичлэгээ хийж, анхан шатны сонгон шалгаруулалтад илгээжээ. Угтаа Остин “Love Me Tender” дууг дуулах гэж байсан ч тус дууг дуулж байх үедээ Элвис Преслигийн үйл хөдөлгөөн, нүүрний хувирлыг дуурайх гэж хэт их хичээгээд байгаагаа анзаарсан гэнэ. Харин "Unchained Melody" дууг дуулах үедээ хэн нэгнийг дуурайх гэж оролдолгүйгээр яг л өөрийнхөөрөө дуулсан аж.
Хачирхалтай ч гэсэн түүний энэхүү хайнга атлаа цаанаа л нэг өөр байдал нь найруулагч болон кино албаныханд маш их таалагдаж, дараагийн сонгон шалгаруулалтад оролцохоор болжээ. Ийнхүү Харри Стайлс, Ансель Элгорт, Аарон Тейлор-Жонсон зэрэг чадварлаг жүжигчдийн дундаас Остин Батлер агуу Элвис Преслигийн дүрд сонгогдож чадсан түүхтэй.
Нэрт дуучны дүрийг бүтээх алтан боломжийг атгасан Остин асар их баярлахынхаа зэрэгцээ бага зэрэг дарамт, шахалтыг мэдэрч байв. Тэрээр жүжиглэлт, дуулалт, царайны хувирал дээрээ удаан хугацааны турш ажиллаж, яг л Элвис Пресли шиг хөдөлж, ярихын тулд нэлээдгүй хүчин чармайлт гаргасан. Элвис Пресли өглөө хэдэн цагт босож, ямар хоол идэж, өдрийн турш юу хийж өнгөрүүлдгийг нь даган дуурайж, давхар каратэ, товшин бүжгээр хичээллэж, дүрдээ орохын тулд "галзуу" хүн мэт маш их бэлдсэн боловч өөрт нь хэзээ ч хангалттай санагдаж байгаагүй гэнэ. Гэсэн хэдий ч түүний хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй, "Elvis" кино маш амжилттай болж дэлхий даяар нийт 288,7 сая ам.долларын ашиг олсны зэрэгцээ томоохон кино наадмуудаас "шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин", "шилдэг кино" тэргүүтэй шагналуудыг хүртсэн билээ.
Тэрээр "Dune" киноны хоёрдугаар анги дээр Арракисын дараагийн өв залгамжлагч, харгис дайчин Фейд-Раутагийн дүрийг бүтээсэн. Тэгвэл Остин Фейд-Раутагийн дүрд тоглохдоо ямар ч сонгон шалгаруулалтад оролцоогүй бөгөөд найруулагч Дени Вильневтэй кофе ууж суух зуураа тус дүрд сонгогдож байжээ. Тэрээр энэ талаараа "Тухайн үед бид хоёр нэг хотод байж таараад уулзахаар тохирсон юм. Бидний яриа ч сайн нийлж, уран бүтээлтэй холбоотой олон зүйлийн талаар ярилцсан. Үүнээс нэг долоо хоногийн дараа Дени над руу залгаад Фейд-Раутагийн дүрд тоглохыг санал болгосон" хэмээжээ.
Мөн үзэгчдийн дунд халуун сэдэв болоод буй Фейд-Раутагийн халзан, хөмсөггүй дүр төрх олон нийтийг нэлээдгүй гайхшируулаад амжсан ба зарим үзэгчид түүнийг жинхэнээсээ үсээ хуссан байх гэж таамаглаж байсан юм. Гэвч тухайн үед Остин давхар өөр төсөлд оролцож байсан учир үсээ хусалгүйгээр өдөрт гурван цагийг нүүр хувиргалт хийхэд зарцуулдаг байжээ.
Авьяасаа олон янзаар сорьж, өөрөөсөө тэс ондоо хүний дүрд хувирч, амилуулна гэдэг амаргүй. Харин Остин Батлерын хувьд гайхалтай жүжигчнээс гадна чадварлаг дуучин, бүжигчин гэдгээ "Elvis" киногоор үзэгчдэд батлан харуулсан билээ. Мөн тэрээр гитар, төгөлдөр хуур хөгжмийг маш гарамгай эзэмшсэн бөгөөд чөлөөт цагаараа байгаль, амьтадтай холбоотой зураг дарах дуртай аж.
Тэрээр дуучин, жүжигчин Ванесса Хадженстай 2005 онд анх танилцаж, 2011 оноос эхэлж үерхсэн. Тэд нэгнийхээ амьдралын хамгийн хэцүү мөчүүдэд бие биедээ дэм болж, олон сайхан дурсамжийг бүтээлцэн есөн жилийн хугацааг хамтдаа өнгөрүүлсэн ч 2020 онд хоёр тийш болсон юм. Энэ талаар Ванесса Хадженс "Бидний салалт надад маш их зүйлийг ойлгуулж өгсөн гэж боддог. Мөн үүний ачаар би зөв хүнтэйгээ учирч, зөв замдаа явж байна" гэж хэлж байжээ. Удалгүй Ванесса Хадженс мэргэжлийн бейсболын тамирчин Коул Такертай болзож буйгаа зарласан ба тэд өнгөрсөн онд хуримаа хийж, одоогоор шинэхэн гэр бүлийн гишүүнээ хүлээж авахаар бэлдэж байгаа юм.
Харин Остины хувьд 2021 оны эхээр жүжигчин Лили Роуз-Депптэй болзож буй зургууд нь ил болсон ч тэдний зүгээс уг асуудалд ямар нэгэн тайлбар өгч байгаагүй билээ.
Үүний дараагаар Остин Батлер модель Кайя Гербертэй йогийн сургалтад хамтдаа явж буй зураг нь цацагдаж, улмаар тэднийг үерхдэг гэх мэдээ цахим орчинд хурдацтай тархаж эхэлсэн. Ийнхүү 2022 оны эхээр тэд болзож байгаагаа мэдэгдэж, олон нийтэд нээлттэй үерхэх болсон юм.
Яг одоо түүний тоглосон, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Герман улсад эзлэгдсэн Европ дахь байг устгахаар ажиллаж буй зэвсэгт хүчний агаарын цэргүүдийн тухай өгүүлэх "Masters of the Air" цуврал Apple TV+ платформоор цацагдаж байна. Тэгвэл Остины ээлжит төсөл болох "The Bikeriders" кино 2024 оны зургаадугаар сарын 21-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа юм. Тус бүтээлд Том Харди, Жоди Комер, Норман Ридус зэрэг чадварлаг уран бүтээлчид дүр бүтээж байгаа ба найруулагчийн үүргийг "Mud", "Take Shelter" зэрэг кинонуудаараа алдартай Жефф Николс гардан гүйцэтгэжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт