Мөрөөдлийн зүйл: Dior/Lindbergh ном

Гэрэл зурагчин Питер Линдберг ба Dior ордны хамтын ажиллагааг харуулсан ном худалдаанд гарлаа

"Үнэнийг хэлэхэд намайг камераа гартаа барихаас өмнө дурангийн өмнө зогсож байгаа хүн бид хоёрын хооронд жинхэнэ харилцаа явагдах ёстой. Зөвхөн ингэсэн тохиолдолд л агуу бүтээл төрдөг. Энэ л тухайн хүнээс илүү таны дурандаа буулгахыг хичээгээд байгаа зүйл мөн" хэмээн загварын гэрэл зурагчин Питер Линдберг моделиудын талаар Vogue Paris сэтгүүлд (2016) ярьж байжээ. Хар, цагаан өнгийн, энгийн атлаа гүн гүнзгий мэдрэмж төрүүлсэн гэрэл зургууд болон өөрийн гоо зүйн үзлээр загварын ертөнцийг өөрчилсөн тэрбээр өнгөрсөн есдүгээр сард энэ хорвоог орхисон юм. Харин түүний амьд ахуйдаа хийж байсан хамгийн сүүлчийн ажил нь Францын Dior загварын ордонтой хамтран бүтээсэн Dior/Lindbergh нэртэй ном болжээ.

Тэрбээр тус загварын ордонтой удаан хугацааны турш хамтран ажилласан бөгөөд уг номонд тэдний хамтын ажиллагааг дэлгэрэнгүй харуулсан гэрэл зургууд агуулагдаж байгаа юм.

Dior/Lindbergh ном нийт хоёр ботиос бүрдэнэ. Эхний боть нь Dior-ын архивд зориулагдсан байна. Тодруулбал Питер Линдберг Dior загварын ордны сүүлийн 70 жилд бүтээгдсэн 80 ширхэг кутюр загварыг Нью-Йорк хотын Times Square талбайд авчран зургийг нь дарж байсан ба номонд энэ зураг авалтаас огт нийтлэгдэж байгаагүй 165 гэрэл зураг оржээ. Харин хоёр дах ботид Питер Линдбергийн Dior-т зориулан дарсан 100 гэрэл зураг багтсан байна. Жишээлбэл Шарлиз Тероноос эхлээд Марион Котийяр хүртэлх Dior-ын нүүр царай болсон алдартай бүсгүйчүүд, Vogue, Harper's Bazaar зэрэг сэтгүүлүүдийн зураг авалтууд, мөн тус брэндийн домог болсон хамгийн алдартай сурталчилгаануудыг харж болно.

Taschen хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй уг номыг та  200 ам.доллараар худалдан авах боломжтой.

Buro.Mongolia

2019-11-08, 14:00

  • Зураг: