Хувьцаа эзэмшигчид Марк Цукербергийг албан тушаалаас нь чөлөөлөхийг хүслээ

Facebook-ийн эргэн тойронд өрнөж буй шуугианы улмаас

Сүүлийн үед Facebook олон нийтийн сүлжээний эргэн тойронд өрнөж байгаа шуугиануудтай холбогдуулан Марк Цукербергийг ТУЗ-ийн даргын албан тушаалаас чөлөөлөхийг тус компанийн хэсэг бүлэг хувьцаа эзэмшигчид хүсэж байна. Тэдгээр хувьцаа эзэмшигчид дунд АНУ-ын Нью-Йорк, Род-Айленд, Пеньсилвани мужийн эрдэнэсийн сангийн төлөөлөгчид байгаа юм. Тэдний үзэж буйгаар Марк Цукербергийн оронд тус компанитай шууд холбоогүй хүн байх ёстой гэнэ. "Энэ нь зөвхөн хувьцаа эзэмшигчид ба хэрэглэгчид төдийгүй ардчиллын эрх ашигт нийцнэ" хэмээн мэдэгджээ.

Цукербергийг албан тушаалаас нь буулгах асуудлыг жил бүр зохион байгуулагддаг Facebook-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит чуулган (2019 оны тавдугаар сард болно) дээр авч хэлэлцэх юм. Гэхдээ мэргэжилтнүүд энэ санаа төдийлөн амжилт олохгүй хэмээн таамаглаж байна. Учир нь Марк Цукерберг Facebook-ийн хувьцаа эзэмшигчдийн ихэнх саналыг хянадаг аж. Эргэн сануулахад тус олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагчийг албан тушаалаас нь буулгах оролдлого 2017 онд гарч байсан билээ. Гэхдээ тухайн үед хангалттай олон санал авч чадаагүй юм.

Buro.Mongolia

2018-10-19, 11:00

  • Зураг: