Коронавирусын улмаас Хятадад агаарын бохирдол буурчээ

NASA болон Европын сансрын агентлагаас ирсэн мэдээ

Шинэ төрлийн коронавирусын (COVID-19) тархалттай холбоотойгоор 2020 оны хоёрдугаар сарын байдлаар Хятадын агаарын чанар эрс сайжирсан болохыг NASA болон Европын сансрын агентлаг мэдээллэж байна.

NASA-гийн илгээсэн хоёр зурагт хөл хорио тогтоосноос өмнөх ба дараах үеийн Хятадын агаарын чанарыг дүрсэлсэн байгаа юм. Зургаас үзэхэд Хятадын томоохон хотуудын агаар мандалд азотын давхар ислийн (NO2) ялгарал огцом буурсан байгаа нь харагдаж байна. Энэхүү бодис нь цахилгаан станцууд, томоохон аж үйлдвэрүүд болон автомашинаас ялгардаг бөгөөд амьсгалын замын өвчлөл үүсгэдэг юм.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар коронавирусын тархалт Хятадын эдийн засгийг удаашруулахын зэрэгцээ тус улсын экологид тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлж байгаа гэнэ. Тодруулбал хөл хорио тогтоосноор үйлдвэрлэл зогсож, тээвэр гацалтад орсон байгаа нь агаарын чанарт нөлөөлсөн гэжээ. Сонирхуулахад 2008 оны эдийн засгийн хямралаар Хятадад азотын давхар ислийн (NO2) хэмжээ мөн буурч байсан удаатай.

Одоогийн байдлаар дэлхий даяар коронавирусын халдвар авсан хүний тоо 90,933 хүрээд байгаа бол үүнээс 47,984 нь эдгэрчээ. Харин нас барагсдын тоо 3,117 хүрсэн байна.

Buro.Mongolia

2020-03-03, 11:00

  • Зураг: