Гэхдээ цувралын баг арваннэгдүгээр сарын 23-аас өмнө шинэ зохиол бичих шаардлагатай
"House of Cards" цувралын гол дүрийн жүжигчин Кевин Спейси олон тооны хүмүүст бэлгийн дарамт үзүүлсэн байх магадлалтай гэх шалтгаанаар Netflix түүнтэй хийсэн гэрээгээ цуцалж, "House of Cards" цувралыг зогсоох шийдвэр гаргасан гэдгийг бид саяхан мэдээллэсэн билээ. Тэгвэл CNN телевизийн мэдэгдсэнээр "House of Cards" цувралын уран бүтээлчид цувралын ирээдүйг шийдэхээр тэмцэж байна.
Эх сурвалжийн мэдээллэснээр Netflix компанийн боловсруулсан гэрээний дагуу кино зохиолчид цувралын зургаадугаар улирлын зохиолыг арваннэгдүгээр сарын 23-аас өмнө шинэчлэн боловсруулах шаардлагатай болжээ. Энэ дашрамд дурдахад "House of Cards" цувралын зураг авалтын багт нийт 2,000 гаруй хүн ажилладаг ч зураг авалтыг аравдугаар сарын 31 хүртэл зогсоосон байгаа юм.
"House of Cards" цувралын Их Британи уран бүтээлчдийн хийсэн анхны хувилбар гэж байдаг бөгөөд уг цуврал нь гол дүрийн баатрын үхлээр төгсдөг. Тиймээс цувралын америк хувилбар ч бас энэхүү зохиолын дагуу үйл явдлаа өрнүүлэх боломжтой гэдгийг CNN онцолж байна.
"House of Cards" цувралаас гадна, жүжигчин Кевин Спейси саяхан "All the Money in the World" гэх нэртэй Ридли Скоттын бүтээсэн триллер киноны гол дүрд тоглосон байсан юм. Тэгвэл найруулагч Ридли Скотт өөрийн киноноос алдарт жүжигчний оролцсон бүх хэсгүүдийг хасна гэдгээ мэдэгджээ. Харин Кевин Спейсигийн оронд канадын жүжигчин Кристофер Пламмерыг гол дүрд тоглуулахаар болсон байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт