The Colors хамтлаг шинэ цомгоо пянз хэлбэрээр гаргана

Зургаадугаар сард

Хөгжим бүрээс нь баялаг хэмнэл, уран сэтгэмж мэдрэгдэх The Colors хамтлаг зургаан дуунаас бүрдэх EP цомгийнхоо нээлтийг зургаадугаар сард хийх гэж байна. Хамтлагийн хоёр дахь уран бүтээл энэ удаа пянз хэлбэрээр, цөөн тоотой гарч байгаагаараа онцлог болжээ. 

Урьд өмнө нь Соёл-Эрдэнэ, Баянмонгол, Өргөө зэрэг Монголын хөгжмийн томоохон төлөөллүүд пянзан дээр дуугаа мөнхөлсөн байдаг бол, 2013 онд Хурд хамтлаг 20 жилийн ойдоо зориулан пянз гаргаж байсан удаатай. Дашрамд дурдахад, пянзнаас гарах аялгуу нь тоон систем дээр бичигдсэн дууг бодвол илүү сүнслэг, бодит мэдрэмжийг төрүүлдэг бол материаллаг чанарын хувьд үнэт зүйлийн шинжтэй байдаг билээ.

Уг цомогт багтсан дуунуудыг The Library Records студид бичүүлж, миксийг хамтлагийн гишүүн Оохоо Номт хийснээс гадна, Нью-Йорк хотын "Sterling Sound" студид мастеринг, харин хэвлэлтийг Герман улсад хийлгэсэн байна.

Түүнчлэн цомгийн хавтасны зургийг гэрэл зурагчин О.Төмөрбаатар дарсан бөгөөд тэрээр хамтлагийн анхны уран бүтээл болох "Өнөөдөр хэдэн он бэ? Ноён тагтаа" цомог дээр ажиллаж байсан билээ.

The Colors хамтлаг Playtime амьд хөгжмийн наадмын нээлтийн өдөр тоглох бөгөөд тус цомогт багтсан "Хүзүү хаашаа, толгой тийшээ" нэртэй дуу энэ жилийн наадмын сүлд дуугаар сонгогдсон юм.

Buro.Mongolia

2018-05-21, 11:50