Д.Хулан “Дусал” нэртэй шинэ цуглуулгаа танилцууллаа

Нийт таван загвараас бүрдсэн капсул цуглуулга

Энэ оны эхээр өөрийн урласан авангард, уламжлалт өнгө аястай загваруудаараа Монголын загварын ертөнцөд шинэ дүр төрх харуулж, олон нийтийн анхаарлыг татаж чадсан Д.Хулан дөрөв дэх цуглуулгаа хамгийн түрүүнд Бюро 24/7-д зориулан танилцууллаа.

Одоо дөнгөж 16 настай залуу дизайнер нийт таван загвараас бүрдсэн "Дусал" нэртэй капсул цуглуулгаа өөрийн хамгийн дуртай материал болох гялгар уутаар урлажээ. Энэхүү цуглуулга нь гялгар уутаар хийсэн төрөл бүрийн загвартай дээл ба нударгаар урласан, Монгол хатгамалтай малгай зэрэг үндэсний хэв маяг шингэсэн, сонирхолтой загваруудаас бүрдсэн байгаа.

Цуглуулгынхаа бүтээлч санааг хэрхэн олж авсан талаар асуухад Д.Хулан "Материалаа харах төдийд л шууд уран төсөөллүүд орж ирдэг" хэмээн хариуллаа. Үүнээс гадна, тэрээр аавынхаа үргэлж сонсох дуртай Андре Ганьоны уран бүтээлүүдийг сонсох зуураа "Дусал" цуглуулгаа бүтээсэн гэдгээ онцолсон юм. Сонирхуулахад Д.Хулан энэхүү цуглуулгын зураг авалтаа өөрөө гүйцэтгэсэн бөгөөд түүний 11 ба 13 настай авьяаслаг дүү нар видео бичлэгийг бүтээж, эвлүүлгийг давхар хийсэн байна.

Өмнө нь Хулан гялгар уут, хайлдаг цавуу ашиглан торго хийж, мөн Монгол гуталны загвартай шилэн оймс урлаж байсан туршлагатай юм.

Г.Тэмүүлэн

2017-12-12, 17:00