Schiaparelli ордны шинэ цуглуулга 2025 оны кутюр загварын долоо хоногийг сүр жавхлантайгаар нээлээ. Брэндийн бүтээлч захирал Дэниел Роузберригийн урласан “Icarus” нэртэй, хавар 2025 улирлын шинэ цуглуулга тайзан дээр үзэгдэж эхлэх мөчид л амьсгал давхцаж, гламур хэв маяг, драмаар дутагдаж байсан хүмүүсийн цангааг тайлах шиг болсон юм. Эртний Грекийн домогт эрсдэлтэй алхам хийн наранд хэт ойр ниссэнээсээ болж үхдэг Икарус хүүгийн тухай өгүүлдэг бол Роузберригийн хувьд эрсдэл харин ч эсрэгээрээ “өндөрт нисгэж” чаддагийг харууллаа.
Минимализм болон модернизм зонхилж буй загварын салбарт барокко гоо зүйтэй цуглуулга танилцуулна гэдэг зориг шаардсан шийдвэр. Энэ тухайд дизайнер “Бүгд бүх зүйлийг энгийн, хялбар, орчин үеийн хэв маягтай болгож байгаагаас бүр залхаж гүйцлээ. Нарийн хийцтэй, этгээд, барокко зүйлс яагаад шинэлэг байж болохгүй гэж? Бид модерн зүйл хийх гэж хэтэрхий хичээгээд өөрсдийгөө хязгаарлаад байгаа юм биш биз? Уран сэтгэмжээ үүний төлөө золиод байгаа бус уу?” хэмээн эргэцүүлжээ.
Үнэхээр ч дизайнер шинэ бүтээлүүдээ урлахдаа уран сэтгэмжээ тултал нь ашигласан нь илт байлаа. Тэрээр хэлбэр дүрс, өнгө будаг, техникээр “тоглож” элегант, гламур хэв маягтай үлэмж үзэсгэлэнт загваруудыг бүтээжээ. Мөн тэрээр шинэ цуглуулгаа урлахдаа “цаг хугацаагаар аялж”, 1920, 1930, 1950-иад оны гламур хэв маягаас урам зориг авсан байна. Тухайлбал уран баримал мэт хэлбэртэй, бэлхүүс тодотгосон корсет бүхий даашинзнууд, төрөл бүрийн тууз, өд, шүр сувд, торон чимэглэлүүд, элсэн цаг хэлбэртэй жакет, нарийн хийцтэй хатгамлууд гэхчлэн өнгөрсөн зуун руу аваачих тансаг детальтай гоёмсог загварууд нь нүд болоод сэтгэл баясгаж байлаа.
Schiaparelli ордон загварын шоугаа Парис дахь Petit Palais урлагийн музейд танилцуулсан бөгөөд тайзан дээр Дэниел Роузберригийн гайхамшигт бүтээлүүдийг Кендалл Женнер, Мона Тугаард тэргүүтэй орчин цагийн топ моделиуд амилуулсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт