Бюро 24/7 тойм: Gucci, хавар-зун 2018

Бүх зүйл ойлгомжгүй мэт санагдах ч, өөрийн эрхгүй сэтгэл булаана

Алессандро Микеле уламжлал ёсоор Миланы загварын долоо хоногийг нээж, нижгэр шоу зохион байгууллаа. Gucci-гийн бүтээлч захирлын хамгийн гарамгай хийдэг зүйлүүдийн нэг бол тэрээр нэг загварт байж болох бүхий л хэв маягуудыг хослуулж, хамгийн анхаарал татам, тод бөгөөд бүтээлч дүр төрх бүрдүүлж чаддаг. Дизайнер төрөл бүрийн өв соёл, эрин зуунуудыг нэгтгэснээр үргэлж деталь, чимэглэлээр баялаг, хэзээ ч уйдмааргүй хувцаснууд бүтээдэг юм. Энэ удаагийн загварын шоу ч бас Алессандрогийн уран сэтгэмжийн дагуу нэгэн зэрэг олон сэдэв хөндлөө. Ром хотоор урсдаг Тибр голыг илтгэх цэнхэр өнгийн тайз, Энэтхэг ба Египет улсыг төлөөлөх уран баримлууд, мөн 1970-аад оныг санагдуулах хувцаснууд гээд бүх зүйлс тэс ондоо сэдэвтэй байсан ч, хоорондоо ерөнхий уур амьсгал, өнгөний шийдлээрээ нэгдэн уусч байлаа.

"Hairspray" кино дээр гардаг өвөрмөц үс засалтууд, өргөн хүрээтэй шляп малгайнууд, атлас ба хамба хилэн материалтай пиджакууд зэрэг нь 1970-аад оноос ирсэн нь илт хэдий ч, цуглуулгын бусад загварууд болох гялалзсан боди, гялтганасан комбинзон, геометрийн хэлбэртэй нарны шил зэрэг нь дуучин Элтон Жоны 1980-аад оны тайзны өмсгөлийг санагдуулж, мөн юүдэнтэй урт даашинз ба амьтны эврээр хийгдсэн зүүлт зэрэг нь бүр эртний омгуудаас бүтээлч санаа авсан байлаа.

Ингээд харахад Алессандро Микеле энэхүү цуглуулгаараа Ром хотын олон талт соёл заншлыг тодотгохыг хүссэн үү? Эсвэл тэрээр эртний омгуудаас урамшин биднийг эх үүсвэр лүүгээ эргэн очихыг уриалсан уу? Нэг бол энэ нь ердөө л Элтон Жонд дуртай хүний урласан цуглуулга уу? Цуглуулгын мөн чанарыг бид магадгүй хэзээ ч олж тайлахгүй байх. Гэхдээ нэг л зүйлийг бид сайн мэднэ. Тэр нь юу вэ гэхээр бид юу ч болж байсан, ямар ч нөхцөлд Алессандро Микелегийн бүтээсэн загварт өөрийн эрхгүй дурладаг юм.

Buro.Mongolia

2017-09-21, 17:00