Central Saint Martins сургуулийн төгсөгчдийн зөвлөгөө
Өнөөдөр загварын салбарт амжилтад хүрэхийн тулд нарийн чиглэлээр боловсрол эзэмших зайлшгүй шаардлагатай юу? Нэг талаар алдартай их сургуулийн диплом хүртсэнээр ажилд орох магадлал өсөх ч, нөгөө талаар ямар нэгэн тусгай боловсрол эзэмшилгүйгээр загварын салбар дахь хүссэн ажилдаа орох боломжтойг олон хүн баталсан билээ. 1 Granary болон i-D сэтгүүлүүд Central Saint Martins их сургуулийн төгсөгчидтэй ярилцсаны үр дүнд хэрхэн загварын тусгай боловсролгүйгээр амжилтад хүрч болохыг зөвлөж байна.
Эргэн тойрныхоо хүмүүсийг соёл урлагийн талаарх мэдлэгээрээ гайхшруул
Загварын салбарт өөрийгөө таниулахыг хүсвэл урлаг, соёл, түүх ба сүүлийн үеийн үйл явдлуудын талаарх мэдлэгтэй байж, эдгээр сэдвүүдээр чөлөөтэй хэлэлцэж чаддаг байх нь их чухал. Тиймээс аль болох бүх боломжийг ашиглаж, төрөл бүрийн музей ба үзэсгэлэнгүүдийг алгасалгүй үзээрэй. "Сонгодог уран зохиол унш, агуа хүмүүсийн түүх ба өв соёлыг судал, мөн алдартай шөнийн клубуудын талаар ч хүртэл мэдлэгтэй байхад илүүдэхгүй" хэмээн i-D зөвлөж байна.
Ур чадваруудаа улам бүр сайжруул
Загварын их сургуулиуд ихэвчлэн сурагчдынхаа бүтээлч зан чанарыг хөгжүүлэхийг зорьж, үүний үр дүнд өдөр тутмын амьдралд хэрэгтэй, практикт тустай ур чадваруудын талаар мартаж орхидог. Энэ нь тийм ч зөв зүйл биш юм. Учир нь өнөөдөр урдах өдөр тутмын ажлаа сайн хийж чаддаг мэргэжилтнүүд загварын салбарт хэрэгтэй байна. Удахгүй машин төхөөрөмж ба роботууд хүний ажлыг хийдэг болно гэх үнэмшлийн дагуу хэрэгтэй ур чадваруудаа орхигдуулж болохгүй шүү.
Тэгэхээр хувь хүний зүгээс ажилд шаардлагатай ур чадваруудаа хөгжүүлэхийн тулд тогтмол шинэ зүйлсэд суралцаж байгаарай. Магадгүй сонирхож буй ажлынхаа зэргэлдээ салбарын, уялдаатай ур чадвар, мэдлэг эзэмших нь таны харах өнцгийг тэлэх болно.
Сайн багш ол
Нарийн чиглэлээр боловсрол эзэмшээгүй байж болох ч, тэртээ тэргүй суралцах шаардлага гарна гэдгийг сайн санаарай. Загварын салбар дахь туршлагатай мэргэжилтнүүд карьераа дөнгөж эхлүүлж буй хүнд туслах байтугай тэдний зүг рүү харах ч үгүй гэх ташаа ойлголт олны дунд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ ахмад үеийнхэн өөрсдийн ололт амжилт, алдаа дутагдлаасаа дуртайяа хуваалцаж, өөрсдийн мэдлэгээ дамжуулахад баяртай байдаг. Хамгийн гол нь асуухаас бүү эмээгээрэй.
Харилцаа холбоо үүсгэ
Аль болох танилын хүрээнээсээ гарч, шинэ хүмүүстэй танилцаарай. Их сургуульд шинэ харилцаа холбоо үүсгэх маш хялбар байдаг ч, хэрвээ та өөр чиглэлээр карьераа хөгжүүлэхээр шийдсэн бол үүн дээр онцгой анхаарал хандуулж, өөрийн зүгээс хичээл зүтгэл гаргаарай. Улмаар төрөл бүрийн салбар дахь танилууд тань хоорондоо холбогдож, бие биенээ таньдаг болох нь илрэх үед жинхэнэ ид шид эхэлнэ. Эцэст нь та бүх хүн бие биенээ мэддэг сүлжээ дотор байгаагаа ухаарч, ажлаа амжуулахад тун хялбар байх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт