Жейсон Брүүм: Аз жаргал бол нөхцөл байдал биш, харин хүний өөрийн сонголт юм

Porsche Ulaanbaatar-ын гүйцэтгэх захирал

Аз жаргал бол нөхцөл байдал биш, харин хүний өөрийн сонголт юм хэмээн тодорхойлж буй Жейсон Брүүмтэй бид уулзаж ярилцлаа. Тэр таван настайгаасаа эхлэн автомашинтай амьдралаа холбож, автоспортод өөрийгөө сорьж байсан талаараа болон Монголд яагаад Porsche-г нэвтрүүлэх болсон тухайгаа өгүүлж байна

Өдрийн мэнд, бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Бид өнгөрсөн удаад "Porsche World of W" үдэшлэг дээр уулзсан юм байна. Тэгэхэд маш олон онцгой хүмүүс танайд зочилж, цаг, үнэт эдлэл болон автомашины тухай ярилцаж байсан. Тэр үдшийг та эргэн дурсахгүй юу. Энэ үдэшлэгийн дараа танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Миний бодлоор үдэшлэг маань амжилттай болж өнгөрсөн. Бид 150 зочдод урилга хүргүүлсэн ба 120 гаруй хүн хүрэлцэн ирсэн. Ихэвчлэн ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахад урьсан зочдын 30-40% нь л хүрэлцэн ирдэг шүү дээ. Харин бидний ихэнхи зочид хүрэлцэн ирсэнд бид их баярласан. Зөвхөн бид гэлтгүй манай арга хэмжээний хамтрагчдад ч мөн адил таатай байсан. Хамтрагчиддаа сэтгэл хангалуун үлдээх нь маш чухал. Бид машин болон спорт дээр төвлөрсөн энгийн үдэшлэг зохион байгуулахыг хүсээгүй. Хундага оргилуун дарс уунгаа гоёмсог машинууд сонирхсоноор арга хэмжээ өндөрлөчихвөл уйтгартай шүү дээ. Тэгэхээр бид олон улсын эмэгтэйчүүдийн баяртай ямар нэгэн байдлаар уялдуулсан, мөн бидэнтэй холбоотой бусад салбаруудыг хамарсан илүү онцгой үдэшлэг зохиохыг зорьсон.

Үдэшлэгээ "Porsche World of W" гэж нэрлэх нь таны санаа байсан уу? W үсэг нь wheels буюу машин тэрэг, wine буюу вино, watches буюу цаг зэрэг олон үгсийг нэгэн зэрэг илэрхийлж байгаа нь их ухаалаг санагдсан.

Тийм ээ. Миний дуртай зүйл болгоныг W үсгээр илэрхийлж болно. Wheels, Watches, Wine, Whiskey, Women гээд л... Ерөнхийдөө иймэрхүү концепцтой арга хэмжээ Porsche брэндийн нэрэн доор бусад орнуудад олон удаа зохион байгуулагддаг  ч, Монголд энэ нь анхных юм. Энэ үдэшлэгийн ачаар олон төрлийн хүмүүс янз бүрийн шалтгаанаар нэг доор цуглардаг. Эрчүүд машин тэрэг харах гэж, эмэгтэйчүүд үнэт эдлэл ба загвар сонирхох гэж, хүн бүр цагийг сайхан өнгөрүүлэх гэж хүрэлцэн ирдэг. Түүнээс гадна эрчүүд үзэсгэлэнтэй бүсгүйчүүд харах дуртайг бас бүү мартаарай. (Инээж байна). Товчхондоо бол энэ нь хүн бүрийг хамарсан, хүн бүрийн хэрэгцээг хангасан концепц юм. Би арга хэмжээ бүрийг машин зарах зорилгоор зохион байгуулдаггүй. Бид компанийхаа зүгээс өөрсдийгөө зах зээл дээр байгаа гэдгээ сануулах, шинэ үйл ажиллагаагаа танилцуулах зорилгоор ажилладаг. Тэгэхээр үдэшлэгийн хамгийн чухал үүрэг даалгавар нь машин зарах биш, харин хүмүүс цуглуулах явдал байсан юм.

Та мөн өнгөрсөн зун Скай резортэд Porsche World Roadshow гэх арга хэмжээ зохиосон. Тэгэхээр уншигчид Porsche болон эдгээр арга хэмжээг Монголд авчран хийж буй таныг хэн болох тухай сонирхож байгаа байх. Та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу.

Би Лондонд төрж, өссөн жирийн л нэг залуу. Машины салбарт 16 наснаасаа эхлэн авто механик чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тодруулж хэлбэл би бүр таван настайгаасаа эхлээд машин зассан гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Миний аав, өвөө хоёр хоёулаа механикч байсан юм. Би үргэлж л машин тэргэнд дуртай байсан. Энэ салбарт бас хийдэг ажилдаа маш их хайртай. Монголд ирээд энэ ажлыг эхлүүлэхэд эхэндээ маш их хүчин чармайлт шаардагдсан шүү. Нью-Йорк, Лондон гэх зэрэг том зах зээлтэй газар аливаа зүйлийг танилцуулахад хялбар байдаг. Учир нь тэнд чиний хийж буйтай ижил зүйл олноороо байж, хэрэглэгчид чиний бүтээгдэхүүний талаар боловсорсон байдаг. Харин цоо шинэ зах зээлд аливаа зүйлийг танилцуулах нь тэс ондоо асуудал. Анх хоёр жил, хагасын өмнө Монголд ирэхэд надад ямар ч холбоо сүлжээ байгаагүй. Би өөрийнхөө ачаа болон чекийн дэвтрээ бариад л ирсэн.

Та яагаад Монгол орныг сонгосон бэ?

Яагаад үгүй гэж. Дэлхийн хөгжиж буй зах зээлүүдийг хараад үзэхэд 2011 оны судалгааны дагуу Монгол улс чадамжаараа нэгт жагсаж байсан шүү дээ. Түүнчлэн би 2000 онд Шри-Ланкад, түүнээс өмнө Макаод амьдарч байсан туршлагатай. Ерөнхийдөө Ази тивд нийт амьдралынхаа 16 жилийг өнгөрүүлсэн гэж хэлж болно. Би үргэлж шинэ, сэтгэл хөдөлгөм, хөгжиж буй газруудыг сонирхож явдаг. Би хаана ч очсон бай бууж өгөлгүй урагшаа тэмүүлсээр л байна. Надад ямар нэгэн идэвхжүүлэлт хэрэггүй, би өөрийгөө идэвхжүүлдэг.

Тэгэхээр та очсон газар бүрдээ машины бизнес эрхэлдэг байсан гэсэн үг үү?

Тийм ээ, зөвхөн машины бизнес. Би анх Макаод очоод, тэндхийн BMW-гийн франчизийг өмчилж авсан бөгөөд жилд 150-200 машин зарагддаг байсан үзүүлэлтийг нь одоогийн байдлаар 900-1000 болтол өсгөсөн байгаа.

Өөрөөр хэлбэл та хөгжиж буй зах зээлд өөрийн гэсэн туслалцаа, хувь нэмрээ оруулж ажилладаг байх нь ээ?

Мэдээж хэрэг хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Би Монголд ирмэгцээ юуны түрүүнд өөрийн гэсэн баг, хамт олон бүрдүүлэхийг зорьсон. Миний ойлгож буйгаар энэ шинэ зах зээлд амжилт олохын тулд хамгийн гол нь зөв хүмүүсээ олох хэрэгтэй. Тэгэхээр хүмүүсийг анхнаас нь сургах нь чухал. Ерөнхийдөө би ажилтнуудаасаа хүний хандлагыг нь гол зүйл болгож хардаг. 

Та үргэлж автомашины бизнес хийснээс гадна мөн үргэлж авто спортод дурлаж ирсэн хүн шиг санагдсан. Автоспортын сонирхлынхоо талаар бидэнд ярьж өгнө үү?

Би үргэлж адреналинд донтогч байсан. Бүр багаасаа эхлэн дугуй унаж, өсвөр насандаа дугуйгаар уралдаж, харин 18 нас хүрэхдээ автомашинаар уралдаж эхэлсэн. Дараагаар нь 2002 онд Хонг Конг рүү нүүж очоод хамгийн анх мотоцикл сонирхож эхэлсэн. Би өмнө нь нэг ч удаа мотоцикл унаж үзээгүй байсан. Учир нь миний аав мотоцикл унаж яваад томоохон осолд орж, үхэл амьдралын зааг дээр ирж байсан тул гэрийнхэн маань үүнийг хатуу хориглодог байлаа. Мотоцикл унаж сураад зургаан сар өнгөрсний дараа би мөн адил уралдаж эхэлсэн. Би өнгөрсөн жилүүдэд уралдааны зам дээр гаргасан өөрийн амжилтаараа бахархаж явдаг. The Chine Superbike Championship уралдаанд түрүүлж, дэлхийн хамгийн хэцүү, аюултай уралдааны зам дээр гурван удаа уралдаж, Macau Grand Prix уралдаанд оролцож байсан.

Хэрвээ чи хагас дутуу хичээл зүтгэл гаргавал, хагас дутуу үр дүн авах болно.

Танд хурдан автомашин, мотоцикл жолоодож байх үед ямар мэдрэмж төрдөг вэ?

Хурдан явахад юуны түрүүнд адреналин мэдрэгдэнэ. Сэтгэл хөдөлж, догдолж эхэлдэг. Гэхдээ өөр машинуудаас өөр мэдрэмж авдаг. Түүнчлэн мотоцикл, машин хоёр тэс ондоо. Хурдны зам ба бартаат замаар явахад бас л ялгаатай мэдрэмж төрдөг. Би уралдааны замаар 300 км/ц хурдтай мотоцикл унахад надад тийм ч хурдан мэт санагдахгүй. Тэгсэн хэрнээ Монголын ууланд бартаат замаар 80 км/ц хурдтай явахад мотоциклоо 100% удирдах боломжгүй болж, хамаагүй хурдан яваа юм шиг мэдрэмж төрдөг.

Харин уралдааны үеэр танд юу бодогддог вэ?

Түрүүлэхээ л боддог доо. Би ямар нэг зүйлийг хийхээр шийдсэн бол түүнийгээ зохих ёсоор нь хийж, харин чадахгүй бол анхнаас нь хийхгүй байсан нь дээр гэж боддог. Хэрвээ чи хагас дутуу хичээл зүтгэл гаргавал, хагас дутуу үр дүн авах болно.

Та Монголд ойр, ойрхон хээр гарч хурдан давхидаг уу? Мөн хаана давхихад хамгийн гоё мэдрэмж авсан бэ?

Зуны улиралд бол долоо хоногтоо нэг удаа тэгж давхидаг шүү. Ерөнхийдөө бид ихэвчлэн олуулаа цуглаж, хотын хойд хэсэг рүү аль эсвэл зүүн зүг рүү, Гачууртын чиглэлд гардаг. Хамгийн гоё мэдрэмж авсан тодорхой нэг газар нэрлэхэд хэцүү байна. Учир нь Монголын нөхцөлд чи гэрийнхээ хаалгаар гараад аль ч зүг рүү явсан бай өөрийг чинь үзэсгэлэнтэй байгаль хүлээж байдаг. Тэгээд ч Монголд хангалттай эрх чөлөө бий. Хүссэн газар луугаа жолоодож болно шүү дээ.

Хамгийн сүүлд та "Энэ мангасыг чөлөөлөх цаг боллоо" гээд Ducati-гийн зураг фэйсбүүк хуудсандаа оруулсан байсан. Та яг одоо ямар мотоцикл унаж байгаа вэ?

Би нийт долоон мотоциклтой. Хамгийн сүүлд жилийн өмнө би байж болох хамгийн хурдан мотоциклыг худалдаж авсан. Тэр нь Ducati Diavel юм.

Ducati Diavel

Таны бодлоор дэлхийн хамгийн хурдан бас үзэсгэлэнтэй машин юу бэ?

Энэ бол их субъектив асуудал. Минийхээр бол зарагдсан машиныг дэлхийн хамгийн шилдэг машин гэж хэлнэ. Бид зөвхөн машин биш харин бүхэл бүтэн амьдралын хэв маяг зардаг. Хэнч Porsche-г супермаркет руу унахын тулд авахгүй шүү дээ. Porsche-г унаж байх үед ямар нэгэн өөр машин унаснаас илүү сайхан мэдрэмж төрдөг учраас л хүмүүс авдаг.

Porsche бол маш гайхамшигтай түүхтэй брэнд. Таны хувьд анх хэзээ Porsche-той, яаж холбогдсон бэ? Яагаад Монголд нэвтрүүлэхээр шийдсэн юм бэ?

Би тансаг зэрэглэлийн машины салбарт удаан хугацаанд ажилласан. Би Porsche-гийн өрсөлдөгч ч байлаа, шүтэн бишрэгч нь ч байлаа. Монголд тансаг зэрэглэлийн гурван төрлийн брэнд байгаа хэдий ч спорт машины салбарыг хэн ч дэлгэрүүлээгүй байсан. Тэгэхээр бид хэрэглэгчдэд өөр сонголт өгөхийг хүссэн. Бидэнд Монголын зах зээлд авчирч болох өөр олон брэнд байсан ч, эхлээд Porsche-гийн байр суурийг бэхжүүлж байгаад цаашдаа өргөжихөөр шийдсэн.

Бид Porsche-г ямар хүмүүс унадаг юм бол хэмээн сонирхож үзтэл Америкийн бараг л бүх од ямар нэг Porsche эзэмшдэгийг олж мэдсэн. Тэгэхээр Porsche-гийн юу нь эдгээр хүмүүсийг тэгтлээ их татдаг гэж та боддог вэ?

Энэ бол их энгийн зүйл. Porsche таны хүссэн бүхнийг хийдэг. Ямар нэгэн бараа худалдаж авахад барааны танилцуулга, тодорхойлолт нь дагалдаж ирдэг шүү дээ. Ихэнх тохиолдолд тэдгээр тодорхойлолт, амлалтууд худал болж таардаг. Харин Porsche амласан бүхнээ биелүүлдэг. Тухайлбал Cayenne загвар бартаат зам дээр гайхамшигтай ур чадвар харуулж, мөн хурдны зам дээр 300 км/ц хүртэл хурдалдаг. Дэлхийн ямар ч машин ийм зэргийн олон талт чадвараар гайхуулж чадахгүй. Түүнчлэн бидний зарим нэг өрсөлдөгчийн супер загваруудыг бид "Амралтын өдрийн супер машин" хэмээн нэрлэдэг. Учир нь тэдгээр машиныг өдөр бүр унах юм бол тэд бат бөх чанараа алдаж эхэлнэ. Харин Porsche 911-ийн хувьд гэвэл айх зүйлгүй.

Гэхдээ спорт машиныг зүй ёсоор нь унаж болох ямар нэгэн хот нэрлэх гээд үз дээ? Үнэн хэрэгтээ тийм газар хаана ч байхгүй. Тиймээс Монгол юугаараа ялгаатай гэж?

Монголд ихэнх хүмүүс Mercedes Benz эсвэл Range Rover-ыг илүү таашаадаг онцлогтой харагддаг.

Mercedes Benz, Range Rover хоёр Монголын зах зээлд нэвтрээд их удаж байна. Тэгэхээр эдгээр брэндүүд бизнесийн харилцаа холбоо тогтоож, хэрэглэгчдэд танигдаад амжсан. Хүмүүс эдгээр брэндүүдийн машины техникийн үйлчилгээ болон сэлбэг нь ямар үнэтэй байдгийг сайтар мэддэг. Хүн бүрд Mercedes Benz эсвэл Range Rover унадаг танил бий. Харин Porsche унадаг хүн Монголд хэр их байна? Тэгэхээр бид Porsche-гийн машин эвдэрвэл Монголд засах боломжгүй, аль эсвэл сэлбэг олдоход хэцүү гэх буруу ойлголтыг арилгахаар хичээн ажиллаж байгаа. Маш олон хүн Porsche-г "Монголын нөхцөлд тохирохгүй машин, яагаад энд нэвтрүүлж байгаа юм бэ" гэж асуудаг. Гэхдээ спорт машиныг зүй ёсоор нь унаж болох ямар нэгэн хот нэрлэх гээд үз дээ? Үнэн хэрэгтээ тийм газар хаана ч байхгүй. Тиймээс Монгол юугаараа ялгаатай гэж? Хүмүүс Porsche-г хот дотор унах ёсгүй, заавал хурдацтай давхих хэрэгтэй машин гэж ойлгодог. Энэ нь маш буруу бодол юм. Настай эмээ хүртэл 500 морины хүчтэй Cayenne, эсвэл Panamera-г унаж болно шүү дээ. Тэр машинаа унаад ойрхон дэлгүүр гараад ирэхдээ үүнийг спорт машин гэдгийг мэдэлгүйгээр, сайхан мэдрэмж авна. Харин залуу хүмүүс хүчийг нь мэдэрч, хол замд давхиж чадна. Тэр мөн адил сайхан мэдрэмж авах болно. Тэгэхээр алдартнууд яагаад Porsche-г сонгодог вэ гэх таны асуулт руу эргээд очиход учир нь тэд Porsche-гоос хүссэн бүхнээ авч чаддаг. Тансаг, хурдан, эвтэйхэн, бат бөх, найдвартай гээд бүх хэрэгтэй чанарууд Porsche-д цугласан байдаг.

Та өнгөрсөн зунаас хойш Монголын зах зээлд ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол хэрэглэгчдийн зан чанар, онцлогийг таньж амжсан байх. Таны бодлоор ямар зан чанартай хүмүүс Porsche-г худалдаж авдаг вэ?

Манай брэндэд их олон хүн дуртай санагдсан. Гэхдээ хүн бүр өөр шалтгаан, өөр хүслээр Porsche-д ханддаг. Хэрэглэгчдээ зан чанараар нь нэгтгэж хэлэхэд хэцүү юм.

Ямар загвар хамгийн их эрэлттэй байдаг вэ?

Cayenne хамгийн эрэлттэй байдаг. Хэрэглэгчид Монголын нөхцөл байдалд тохируулж, хөдөө гадаа унахад зориулж энэ загварыг сонгодог байх. Porsche-гийн өнгөрсөн жилийн дэлхийн нийт борлуулалтын 66%-ийг Cayenne эзэлсэн тооцоолол байгаа. Ерөнхийдөө Америкийн зах зээлийг эс тооцвол, дэлхийд ихэнх хүмүүс SUV (жийп) загварыг илүү сонирхдог шүү. Спорт машин SUV-ээс илүү алдартай байдаг цорын ганц зах зээл бол АНУ юм. Гэхдээ энэ жилээс эхлэн борлуулалтын тоон үзүүлэлт арай өөр гарах байх. Учир нь бид Macan гэх шинэ загвартай болсон бөгөөд түүний борлуулалт ойролцоогоор нийт орлогын 30%-ийг эзлэх магадлалтай байгаа.

Porsche-г худалдаж авахдаа өөрийнхөө хүслээр тусгайлан тоноглох боломжтой байдаг шүү дээ. Хэрвээ та өөрийнхөө хүслээр тоноглох болбол яаж тоноглох байсан бэ?

Монголд зарагдаж байгаа бүх машины захиалгыг би өөрөө хийсэн. Тэгэхээр та эдгээр машинуудаас миний сонирхлыг олж мэдэх боломжтой байх. Машин бүрийн техникийн үзүүлэлтийг би сонгосон гэсэн үг юм. Хүмүүст Porsche-гийн бололцоог харуулахын тулд заримыг нь маш өндөр үзүүлэлттэй, харин заримыг нь дунджаар захиалсан байгаа. Тухайлбал цагаан өнгийн Panamera-гийн дотоод заслыг хар өнгийн титанаар хийлгэсэн байгаа. Их үзэсгэлэнтэй болсон шүү.

Та дэлхийн олон орноор аялж, Дубайд Porsche-тэй Сафари аялал хийж, Италид Ferrari музейд зочлох зэргээр маш идэвхтэй амьдардаг хүн шиг санагдсан. Харин Монголд байх хугацаандаа та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Монголд ирснээсээ хойш хийсэн сонирхолтой зүйлс юу байна вэ?

Таны хэлсэнчлэн би ажлын зорилгоор маш их аялдаг. Түүнээс гадна би өөрөө хувиараа аялах дуртай хүн. Би саяхан Шри-Ланка явж долоо хоногийг юу ч хийлгүйгээр, амарч өнгөрүүлсэн. Дараа долоо хоногт би сургалтанд суух зорилгоор Швейцар явах гэж байгаа. Харин Монголд байхдаа чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэхээр дулаан үед ихэвчлэн мотоцикл унаж, хүмүүстэй уулзаж, хотоос гадуур цэвэр агаарт амардаг даа. Ерөнхийдөө өдөртөө нохойгоо салхилуулж (Golden retriever), оройдоо бэлтгэлдээ явдаг.

Та их чөлөөт сэтгэлгээтэй, эрх чөлөөтэй амьдардаг хүн юм. Тэгэхээр таны туйлын мөрөөдөл юу вэ? Юунаас илүү их аз жаргал мэдэрдэг вэ?

Та амьдралаа өөрөө бүтээдэг гэх сайхан хэллэг байдаг. Хүмүүс юу ч хийлгүй суухдаа "Би яагаад саятан биш юм бэ, яагаад сайхан амьдрахгүй байна вэ" гэж өрөөсөө асуудаг. Хичээл зүтгэл гаргахгүй бол, юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Чи хэрэгтэй зүйлээ гарч яваад өөрөө олох хэрэгтэй. Тэр зүйл чинь чамайг олно гэж байхгүй. Хүмүүс дэргэдэх хаалгануудыг, бусдын амьдралыг ажиглаж суусаар өөрсдөө төөрсөн байдаг. Харин миний мөрөөдөл гэвэл надад одоогоор байхгүй гэж хэлж болно. Учир нь би 16 настайдаа сургуулиа төгсөхдөө маш бага ур чадвартай байсан хэдий ч, дэлхийн хамгийн шилдэг механикч болохыг хүсдэг байсан. Тэр үед би өөрийгөө хорин жилийн дараа бизнес эрхэлж, Монгол улсад оффисдоо сууж, гайхамшигтай хүмүүс болон сайхан машинуудаар хүрээлэгдсэн байна гэж төсөөлж ч яваагүй. Өөрөөр хэлбэл би мөрөөдлөөрөө амьдарч байна. Ямар нэгэн тодорхой мөрөөдөл онцолж хэлэхэд хэцүү байна. Би нэг зорилтондоо хүрээд, дараагийн зорилтоо бий болгодог. Аз жаргал бол нөхцөл байдал биш, харин хүний өөрийн сонголт юм. Гутрангуй үзэлтэй байх маш амархан ч, чи аливаа зүйлийн сайн талыг нь харж сурвал өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх болно. Би хандивын төсөл дээр ажиллаж байхдаа нэг биш удаа Монголын гэр хороолол руу явж үзэж байлаа. Тэнд үнэтэй машин унадаг хүмүүсээс илүү аз жаргалтай амьдарч буй гэр бүлүүд бий. Учир нь тэд урдаа тавьсан асар том зорилготой хүмүүс юм.

 

Ж.Чинбат

2016-03-30, 09:00