Нийгэмд өргөн дэлгэрсэн хэвшмэл ойлголтуудыг эвдэцгээе
Дэлхийн улс орнууд яаж ч хөгжиж, ямар ч технологийн дэвшил гарсан бай 10 хүний 9 нь эмэгтэйчүүдийн талаар өрөөсгөл хандлагатай байж, тэднийг эрчүүдээс дорд үздэг болохыг НҮБ-ын шинэ судалгаа баталлаа. Тэгвэл олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан феминизмийн талаар олон нийтэд буруу ойлголт өгдөг хэвшмэл ойлголтуудыг танилцуулахаар шийдлээ.
"Монголд феминизм ямар хэрэгтэй гэж? Тэртээ тэргүй эмэгтэйчүүд тэгш эрхтэй байгаа"
Энэ бол олон нийтийн дунд тархсан хамгийн том ташаа ойлголтуудын нэг. Хэдийгээр Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү өндөр боловсролтой ч эрчүүдээс бага цалин авдаг. Тухайлбал эмэгтэйчүүдийн сарын дундаж цалин нэг сая төгрөг бол эрчүүдийн дундаж орлого нь 1,151,800 төгрөг гэж Үндэсний статистикийн хороо мэдэгдсэн байдаг. Мөн улс төр, бизнесийн салбарт шийдвэр гаргах албан тушаалд эрчүүд давамгайлсан хэвээр байна.
"Феминистүүд эрчүүдийг үзэн яддаг"
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарна гэдэг нь эрчүүдийг үзэн ядахыг хэлэхгүй. Эмэгтэйчүүд зүгээр л эрчүүдтэй адил тэгш эрхтэй байж, удирдах албан тушаал эрхэлж, гэрийн ажлаа тэнцүү хуваарилж, ялгаварлан гадуурхлын эсрэг тэмцдэг. Өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэнэ гэдэг нь бусдыг дарангуйлж, эрхийг нь зөрчинө гэсэн үг биш юм.
"Феминизм зөвхөн эмэгтэйчүүдэд л хамааралтай"
Орчин үеийн феминизм зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай юу гэвэл үгүй. Хүйсийн тэгш байдалд эрчүүдийн оролцоо маш чухал үүрэгтэй. Учир нь эрчүүдийн оролцоогүйгээр феминизмийн хөдөлгөөн дорвитой үр дүнд хүрч чадахгүй. Жендерийн эрх тэгш байдалд итгэж, эмэгтэйчүүдийн төлөө дуугардаг, хүчирхийллийг жигшдэг, феминист эрчүүд бидэнд, эрүүл нийгэм бий болгоход хэрэгтэй байна.
"Хэрэв чи феминист юм бол уурхайд очиж ажилла"
Феминизмийн тухай ярьж эхлэхэд ихэвчлэн хэзээ ч биеийн хүчний ажил хийж үзээгүй эрчүүд ингэж хэлдэг. Тийм ээ, хэрэв хүсвэл эмэгтэйчүүд уурхайд ажиллаж, барилга барьж, ер нь л хүч тэнхээ шаардсан ажил хийж болно. Гол нь тэдэнд энэ эрх нь нээлттэй байх ёстой. Тэглээ ч орчин үеийн нийгэмд оюун ухаан, ур чадвараа ашиглан амжилтад хүрэх боломжтой болсон өнөө үед эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байна уу гэхээс дутахгүй. Жишээ дурдахад таван Монгол эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байхад эрчүүдийн ердөө 15% нь л дээд боловсрол эзэмшсэн байдаг гэсэн судалгаа бий.
"Феминистүүд зөвхөн карьертаа л анхаардаг"
Феминизмийн гол утга учир нь эмэгтэйчүүдэд тэгш эрх, сонголт хийх эрх чөлөөг олгоход оршино. Тиймээс карьер хийх эсвэл гэрийн эзэгтэй болох нь тухайн эмэгтэйн л сонголт бөгөөд энэ эрх нь түүнд нээлттэй байх ёстой. Тэд аль ч замыг сонгосон феминизмийг дэмжихэд саад болох учиргүй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт