Меган ба Харри нарын ярилцлагын талаар II Элизабет мэдэгдэл хийлээ

Сассексийн гүн Харри болон гүнгийн авхай Меган нарын оролцсон Опра Уинфригийн ярилцлагын нэвтрүүлэг гуравдугаар сарын 8-ны өдөр нийтлэгдэж дэлхий даяар маш их дуулиан тарьсан. Тоймлоод хэлэхэд тус нэвтрүүлэгт язгууртны амьдрал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, олон нийтийн хараан доорх амьдралын талаар болон бусад сэдвүүдийг хамран ярилцсан юм.

Тэгвэл Бүкингемийн ордноос хатан хааныг төлөөлөн ярилцлагын талаар албан ёсны мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдлээр дамжуулан сүүлийн жилүүдэд Меган, Харри хоёрын хувьд хүнд, хэцүү хугацаа өнгөрснийг сонсоод гэр бүлийн бүх гишүүд маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн хааны гэр бүлийн төлөөлөгчид "Нэвтрүүлэгт дурдагдсан сэдвүүд, тэр дундаа арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах асуудал бидний санааг ихэд зовоож байна. Зарим дурсамж бодит байдалтай харилцан адилгүй байх боломжтойг тэмдэглэхийн зэрэгцээ энэхүү асуудлыг маш нухацтайгаар хувь хүн тус бүртэй харилцах журмаар шийдвэрлэх болно" хэмээжээ. Мэдэгдлийн төгсгөлд "Харри, Меган, Арчи нар үргэлж гэр бүлийн хайртай гишүүд байх болно" гэж цохон тэмдэглэсэн байв.

Buro.Mongolia

2021-03-11, 11:39