Таны саналаар тодорно
Жил бүр шинэ он гарахаас хэдхэн хоногийн өмнө бид Бюрогийн уншигчдын хамтаар өнгөрч буй оноо дүгнэн тухайн жилийн Монголын загварын ертөнцийн шилдэг дизайнерыг тодруулдаг уламжлалтай. Бид "Таны бодлоор өнгөрч буй оны шилдэг дизайнер хэн бэ?" гэсэн асуултыг уншигчдынхаа дунд тавьж, тэдний саналаар шилдэг загвар зохион бүтээгч, брэндийг шалгаруулаад дѳрѳв дэх жилдээ орж байна.
Олон улсад дизайнеруудаа амжилт гаргахыг мѳрѳѳдѳж ажилладаг манай хамт олон энэ жил "дүрмээ чангатган" жилд хоёр ба түүнээс дээш цуглуулга гаргасан дизайнеруудыг энэхүү санал асуулгад хамруулахаар шийдлээ. Олон улсын стандартын дагуу дизайнерууд жилд дор хаяж хоёр том цуглуулга болох Хавар-зун болон Намар-ѳвѳл гэх цуглуулгыг танилцуулдаг бол, дундуур нь хоёр жижиг коллекци болох Resort буюу зуны капсул цуглуулга, Pre-Fall буюу намрын цуглуулгыг шууд борлуулахаар худалдаанд гаргадаг байна.
Өнгөрсөн жил нийт 14 дизайнераас чөлөөт хувцасны Grandmaster маркийн дизайнер О.Анхбаяр уншигчдын саналаар оны шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Харин 2016 онд манай уншигчид дуу нэгтэйгээр Michel & Amazonka брэндийн авьяаслаг дизайнерууд болох Ч.Мишээл, Ч.Нямханд нарыг шилдгээр сонгож байсан бол одоогоос яг гурван жилийн өмнө Торго салоны О.Болд энэхүү санал асуулгыг тэргүүлж байсан юм.
2018 онд Монголын загварын ертөнц урьд урьдынхаас ч илүү амжилт, бүтээлээр дүүрэн байлаа. Тухайлбал "Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоо"-ны гишүүд болох Michel & Amazonka брэндийн цаг үргэлж, өөрсдийгөө сорьж байдаг бүтээлч эгч дүү дизайнерууд энэ онд сар бүр шинэ цуглуулга танилцуулах зорилт тавин ажиллаж, амжилттайгаар энэ онд 12 ѳѳр коллекци гарган бидний мэлмийг сэргээж, шинэ цуглуулга бүртээ шинэлэг загваруудыг харуулж чадлаа. Эгч дүүс энэ том зорилтод хүрэхдээ хоёул бие давхар байсан бѳгѳѳд энэ хугацаанд хоёулаа шинэ хүүхдээ ѳлгийдѳн авч, 12 коллекцио ч амжилттай гаргаж дууссанд нь энэ дашрамд уншигчдынхаа зүгээс халуун баяр хүргэе!
Тус холбооны бас нэгэн гишүүн болох Monalun марк өнгөрсөн жил "Нүүдлийн тогоруу" цуглуулгаас бүрдсэн анхны бие даасан загварын шоугаа Чойжин Ламын сүмд хийж байсан бол энэ удаад ч мөн энэхүү уламжлалаа хадгалан "Торгоны зам" нэртэй эмэгтэйлэг загваруудаас бүрдсэн шинэ цуглуулгаа түүхэн дурсгалт Богд хааны ордон музейд танилцуулсан байгаа. Үүнээс гадна дизайнер Б. Номунгэрэл Байкалын загварын долоо хоногт 1950, 1960-аад оноос урам авч бүтээсэн намар-өвөл 2018 улирлын цуглуулгаараа амжилттай оролцсон юм.
Харин 2017 оны шилдэг дизайнер, О.Анхбаяр энэ жил орчин үеийн залуусын стилийг магтан дуулсан өвлийн капсул цуглуулга болон Converse брэндтэй хамтран өдөр тутам өмсөж болох капсул коллекцио олон нийтэд танилцуулсан байгаа. Залуусын бас нэгэн хувцасны марк болох 93// Kidult-ийн бүтээлч хамт олон өдөр тутмын хувцасны 93// Basic 1, 93// Basic 2, борооны капсул коллекци худалдаанд гаргаж мөн уран бүтээлч Б.Эрдэмтөгстэй хамтран намар-өвөл 2018 улирлын хоёр шинэ цуглуулга бүтээсэн байна.
Контемпорари хэв маягтай ноолууран загваруудыг урладаг Mandkhai брэндийн дизайнер Ж.Мандхай энэ жил намар-өвөл 2018/19, хавар-зун 2019 улирлын цуглуулгууд ба эрэгтэй хувцасны Mandkhai Men гээд нийт гурван цуглуулга худалдаанд гаргаж, өөрийн нэрийн брэндийг дэлхийн загварын тавцанд таниулж эхлээд байгаа билээ. Түүнээс гадна Франц улсад авангард загваруудаараа өөрийн гэсэн орон зайг олж чадсан Tsolo Munkh брэндийн дизайнер М.Цолмандах Парис хотноо намар-өвөл 2018/2019 ба хавар-зун 2019 улирлын хоёр шинэ коллекци худалдаанд гаргажээ.
O Couture загварын салоны үүсгэн байгуулагч, дизайнер Д.Отгонжаргал 2018 онд "Blossoming Garden" хавар-зун 2018, намар-2018, "Wonderland" 2019 зэрэг цуглуулгуудыг урлаж, мөн "Flowers must be Loved" хавар - 2018 коллекциороо дамжуулан нийгмийн асуудлуудыг хөндсөнөөрөө онцлог байлаа.
Мѳн хуримын даашинзуудаараа алдартай Хайрын Хурим салон өөрсдийн 12 жилийн ажлын туршлага дээрээ тулгуурласан "Шилмэл 30 хуримын даашинз", "Pedestrian" куртканы цуглуулга, "Friday Night" капсул коллекци, наадмын гоёлуудаас бүрдсэн "Наадам", болон олон үйлдэлт монгол дээлний намар-өвөл 18 цуглуулгуудыг танилцуулжээ. Түүнчлэн Queen Fashion House маркийн энэ онд хийсэн ажлуудыг товчхон дүгнэхэд тэд Наадам, болон Цагаан сарын баярын коллекци, QU 2018 гэсэн гурван цуглуулгыг тус тус бүтээсэн байна.
Ѳөрсдийн гэсэн онцлог хэв маяг, зорилтот зах зээлтэй эдгээр дизайнерууд бүгд дотоодын загварын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг дурдах нь зүйтэй. Уг нийтлэл нь Бюрогийн зүгээс дизайнеруудын тухайн жилд хийж бүтээсэн ажлуудыг уншигчдадаа дахин нэг сануулан, дизайнерууддаа урам ѳгѳх зорилгоор бэлтгэгддэг бѳгѳѳд энэ төрлийн санал асуулга нь дэлхийн олон орны дижитал сэтгүүлүүдэд өргөн хэрэглэгддэг нийтлэлийн төрөл юм. Ингээд 2018 онд хамгийн идэвхтэй ажилласан дизайнеруудын бүтээлүүдийг эргэн харцгаая.
4."Friday Night" капсул , 5. Намар-өвөл 2018
Та саналаа өгөхдөө доорх зургийн цомгийн баруун ба зүүн сумыг даран сонголтуудаа харж, сонгохыг хүссэн дизайнерынхаа зурган дээр дараарай. Таны санал зургийн аль ч хэсэгт дарсан идэвхжих тул санамсаргүй санал өгөхөөс болгоомжлоорой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт