Товч түүх ба улирлын хамгийн шилдэг өдөн куртканууд
Хүн бүхний хувцасны шүүгээнд байдаг өдөн хүрэм буюу бидний хэлж дассанаар куртка анх хэрхэн бий болж, өнөөдрийн хамгийн загварлаг сонголт болох хүртлээ хөгжлийн ямар замнал туулсныг эндээс уншаарай
2016 оны өвлийн улиралд дизайнерууд өдөн курткийг бүсгүй хүн бүрийн хүслийн жагсаалтад оруулж байна. (Демна Гвасалиягийн ачаар шүү дээ!). Бараг брэнд бүр өдөн куртка урлаж, тэдгээрийгээ хямд биш, харин үслэг шуба ба нэхий дээлнээс ч илүү үнэтэйгээр худалдаалж байна. Өдөн куртка маш олон жилийн турш дутуу үнэлэгдэж ирсний эцэст дөнгөж энэ жилээс загварлаг бүсгүйчүүдийн зүрхийг булааж эхэлсэн нь үнэхээр сонирхолтой юм. Тэгэхээр энэхүү загварын эргэлт юуны учир бас хэрхэн тохиосныг илүү дэлгэрэнгүй судалцгаая.
Өдөн куртка яагаад моодонд орсон бэ?
Зөвлөлтийн дараах орон зайд амьдардаг хүмүүсийн хувьд өдөн куртка нь хүн бүрт байсан, ямар нэгэн онцгой зүйлгүй, энгийн нэгэн хувцас мэт санагддаг. ЗХУ-ын дотоодын үйлдвэрлэгчид 1980 оны Олимпийн наадам дээрх Финляндын багийн куртканы дизайныг хуулбарлаж, синтепонтой загварыг орон даяар тараасан юм. Хөх ягаан эсвэл шар судалтай ногоон өнгийн, хиймэл үсэн оруулга бүхий малгайтай курткануудыг тухайн үед хүн бүр л өмсдөг байлаа. Харин гучаад жилийн дараа энэхүү хуучны, огтхон ч хээнцэр биш дизайн хачирхалтайгаар моодонд орж байна. Энэ үзэгдлийг товчхон тайлбарлавал, орчин үед дэлгэрч буй үзэмжгүй зүйлсийн тренд, өндөр зэрэглэлийн загварыг өдөр тутмын хэрэглээнд ойртуулах хөдөлгөөн болон загварын ерөнхий концепцийг ёжлох давалгаа үүнд нөлөөлж байгаа юм.
Бэлтгэлийн өмд ба спорт куртка өмссөн зөвлөлтийн үеийн дүр төрхтэй залууг загварын шүтээн болгож чадсан орос дизайнер Гоша Рубчинскийг орчин үед дэлхийн өнцөг бүрийн загварын нийгэмлэг хэлэлцэж байна. Гэхдээ мэдээж хэрэг загварын ертөнцөд хамгийн том шуугиан дэгдээж байгаа дизайнер бол яах аргагүй Демна Гвасалия юм. Түүний Balenciaga ордонд зориулж бүтээсэн хэлхгэр том хэмжээтэй, улаан өнгийн өдөн куртка улирлын хамгийн тренди загвараар тодорч, өдөн куртканы салбарт хувьсал өрнүүлж байна. Үдшийн гоёмсог цамцтай хосолсон, мөрнөөс унжсан улаан куртка өдөн куртканы дизайнд үнэхээр том ялалт авчирч чадсан юм. Демна улаан курткаг зүгээр ч нэг гоёмсог цамц биш, мөн ажил хэрэгч брюк өмд, гялалзсан шигтгээгээр чимэглэсэн туфли ба клач цүнхтэй хослуулсан нь өдөн куртканы концепцийг бүхлээр нь өөрчилсөн. Гэнэтийн бас зоригтой алхам байгаа биз? Ингээд харахад Демнагийн санал болгох төрх Balenciaga ордны ДНХ-тэй огтхон ч нийцэхгүй байгаа мэт санагдаж болох ч цаг үеийнхээ уур амьсгалыг урьдчилан таамаглаж, загварыг өөрийнхөөрөө чиглүүлж чадах тэр эр зориг дизайнерыг Balenciaga-тай холбож байгаа юм. Balenciaga-гийн үүсгэн байгуулагч Кристобаль Баленсиага ч бас бусдаас урьдчилан сэтгэх чадвартай, загварыг чиглүүлэгч, агуу дизайнер байсан шүү дээ.
Өдөн куртканы гарал үүсэл
Орчин үеийн өдөн куртканы түүх 1930-аад онд эхэлсэн юм. Америкийн спорт хувцасны дизайнер Эдди Бауэр тухайн үед загасчилж байх үедээ хөлдөж үхэх шахсаны улмаас ямар ч цаг агаарын нөхцөлд хүнийг дулаахан байлгах чадвартай куртка бүтэхээр шийдсэн байдаг. Ингэснээр дизайнер 1936 онд галууны өдөөр хийсэн Skyliner курткийг сэдэж, 1940 онд тэрхүү загварын патентын эрхийг авсан юм. Skyliner загвар маш хөнгөхөн, практикт тустай, өмсөхөд эвтэйхэн байсан тул энэ куртка нь зөвхөн тамирчид гэлтгүй мөн өвлийн аялалд дуртай хүмүүс дунд эрэлт ихтэй болж, тун удалгүй Дэлхийн II дайны үеийн нисгэгчдийн албан ёсны өмсгөл болсон юм. Авиатор загварын куртка тэр цагаас хойш бараг өөрчлөгдөөгүй бөгөөд энэ нь одоо ч орчин үеийн хувцасны сонгодог загвараар тооцогддог. Яг л савхин хүрэм ба бомбер шиг мөнхийн загварлаг дизайн юм.
1.Өдөн хүрэм Charles James, зурагчин Horst P. Horst. Harper's Bazaar (1938 оны аравдугаар сар); 2. Eddie Bauer брэндийн сурталчилгаа; 3. Эмэгтэй куртка Eddie Bauer Skyliner (1936); 4. Moncler брэндийн куртка өмссөн Францын шигшээ баг 1968 оны Олимп дээр
Skyliner загвар худалдаанд гарснаас жилийн дараа Их Британийн дизайнер Чарльз Жеймс өдөн хөнжил санагдуулам эсгүүртэй, үдшийн гангараанд зориулсан эмэгтэй куртка танилцуулсан юм. Нарийн ажиллагаа бүхий эсгүүртэй, том хэмжээтэй энэхүү загвар нь дизайнерт томоохон амжилт авчирч, түүний нэрийн хуудас болсон. Тэртээ 1937 онд гарсан энэхүү хүрэм өдгөө орчин үеийн олон музейд тавигдсан байгаа. Тодруулбал энэ хүрэмний эх хувийг та Лондонгийн Виктория ба Альберта болон Нью-Йоркийн Метрополитен музейгээс олж харах боломжтой.
Дизайнер Ив Сен-Лоран ч бас 1960-аад онд өдөн курткийг сонирхож, том хэмжээтэй уг хувцсыг илүү эмэгтэйлэг, хээнцэр загвартай болгохыг хичээсэн. Түүний санал болгосон хувилбарт хөвсгөр хүрэмнүүд илүү нимгэн, дэгжин бас бэлхүүс тодотгодог болсон байгаа. Үүгээрээ дизайнер өдөн куртканы түүхэнд шинэ бүлэг эхлүүлсэн юм.
Америкийн дизайнер Норма Камали 1970-аад онуудын эхэн үед "Унтлагын мешок" нэртэй пальто сэдсэн. Дизайнер уг санааг явган аялалд гарч байх үедээ олсон гэж ярьдаг ч Норма энэ талаар ямар нэгэн баттай мэдээлэл өгч байгаагүй юм. Куртканы анхны загварыг дизайнер хоёр унтлагын мешок нийлүүлж бүтээж байсан бол, дараа дараагийн загвараа шүхрийн торгоор хийж байсан гэдэг.
1980-аад онд Elle сэтгүүлд уулын цанын хувцас бүтээдэг Moncler брэндийн загварын зураг авалт нийтлэгдсэн нь өдөн куртканы салбарт бас нэгэн томоохон дэвшил авчирсан. Moncler брэнд нь 1968 оны өвлийн Олимпод зориулж Францын шигшээ багийг хувцаслаж байсан юм. Загварын сэтгүүлийн редакторууд спорт курткийг их хотын амьдралд ч бас эрэлттэй байж болохыг ойлгож, Moncler-ын хамт олонд өдөр тутмын амьдралд зориулагдсан загвар гаргахыг санал болгосон аж. Ингэснээр тус брэнд өөрийн курткаа цэнхэр, ногоон, шар ба улбар шар өнгийн сонголттойгоор худалдаанд гаргаж байжээ.
Moncler брэнд 1980-аад онд францын дизайнер Шанталь Томасстай хамтарч, өдөн куртканы төрхийг бүхэлд нь өөрчилсөн. Тэд цахилгааны оронд товч хийж, үслэг оруулга нэмж, хоёр талт даавуу болон атлас материал ашиглаж эхэлсэн юм. Олон жил ажилласны эцэст Moncler 1999 онд анхны хавар-зуны цуглуулгаа танилцуулж, 2002 онд Moncler Haute Couture шугамынхаа нээлтийг хийж байлаа.
Martin Margiela загварын ордон 1999 онд өөрийн намар-өвлийн цуглуулгадаа хөнжил шиг харагдах, цагаан өнгийн өдөн пальто оруулсан. Харин 1999 онд мөн Yohji Yamamoto хавар-зун цуглуулгадаа өдөн хийцтэй даашинз танилцуулсан.
1. Maison Martin Margiela, намар-өвөл 1999; 2. Yohji Yamomoto, хавар-зун 1999
Харин 2000-аад онуудад авангард маягийн дизайнерууд өдөн курткийг шинэчилж эхэлсэн юм. Comme des Garçons ба Junya Watanabe брэндийн япон дизайнерууд болон Их Британийн Gareth Pugh брэндийн Гарет Пью нар тэгш бус хэмтэй, хэлхгэр том хэмжээтэй, готик маягийн загварууд дэлгэрүүлсэн байдаг.
Энэ өвөл ямар куртка өмсөх вэ?
Энэ улиралд маш олон төрлийн өдөн куртканууд моодонд орсон байгаа. Богино ба урт, том хэмжээтэй, хөнгөхөн, малгайтай ба малгайгүй, бэлхүүс тодотгосон эсвэл тэгш бус хэмтэй гээд таны хүссэн загварууд бий. Ингээд бид намар-өвөл 2016 улиралд ямар загварууд хамгийн том тренд болсныг судалж, таван гол чиг хандлагыг жагсаалаа.
Oversize буюу хэлхгэр хэмжээтэй загварууд
Хэтрүүлсэн том хэмжээтэй загварууд дөнгөж саяхнаас л гадуур хувцасны салбарт дэлгэрч эхэллээ. Энэ чиг хандлагыг ноёрхоход нөлөөлсөн анхдагч дизайнер нь Демна Гвасалия юм. Balenciaga брэндийн Парис дахь загварын шоун дээр аварга том хэмжээтэй улаан ба хар өнгийн өдөн куртка, хөвсгөр пальто болон сноубордын загвартай өнгө өнгийн курканууд олны анхаарлыг татсан. Харин дизайнерын нэрийн Vetements брэндийн цуглуулгад ямар нэгэн хэмжээсгүй, хэлхгэр бомберууд ба том халаастай парка хүрэм үзэгдсэн байгаа.
Бусад дизайнерууд ч бас энэ улиралд бүсгүйчүүдийг аль болох дулаан байлгахаар шийдэж, хөнжил шиг том куртканууд санал болгосон юм. Marques'Almeida, Stella McCartney, Adam Selman ба DKNY брэндүүдийн загвар үүний хамгийн тод жишээ болсон байгаа.
Өнгө
Моодонд орж буй куртканууд том хэмжээнээс гадна мөн тод өнгөөр ялгарч байгаа. Алтлаг, нил ягаан, улаан гэх зэрэг харц булаам курткануудыг энэ улиралд өөртөө итгэлтэйгээр өмсөөрэй. Carven, Courreges, Stella McCartney Acne Studios брэндүүдэд улирлын хамгийн үзэсгэлэнтэй өнгөнүүд бий.
Эмэгтэйлэг байдал
Дулаахан атлаа эмэгтэйлэг өнгө аястай, бэлхүүс тодотгосон курткануудыг Chanel ба Fendi ордны загваруудаас олох боломжтой. Харин Sonia Rykiel-ийн цуглуулгад байгалийн үслэг болон шир орсон өдөн куртка багтсан байна.
Хээ ба чимэглэл
Emilio Pucci, Etro, Red Valentino ба MSGM брэндүүд эмэгтэйлэг сэдвийг үргэлжлүүлж, хээ угалз ба хатгамлаар баялаг загвар сонгохыг санал болгож байна. Нарийн ажиллагаа бүхий хээнцэр хатгамлуудаараа алдаршсан Alexander McQueen брэндийн бүтээлч захирал Сара Бертон энэ улиралд урлагийн бүтээл мэт, үлгэрийн куртка танилцуулсан байгаа.
Нарийн түвэгтэй эсгүүр ба жижиг деталиуд
Хамгийн зоригтой уншигчиддаа бид Rick Owens ба Sacai брэндүүдийн этгээд эсгүүртэй курткануудыг санал болгож байна. Харин баярын үдэшлэгт зориулсан, хээнцэр куртка хайж байгаа бол Marc Jacobs-ын хар өдөөр чимэглэсэн кроп куртка хамгийн оновчтой сонголт болно.
Бидний сонгосон улирлын хамгийн шилдэг өдөн куртканууд. (Монгол руу хүргэлт хийдэг дэлгүүрүүдээс сонгосон байгаа).
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт