Загварын ертөнц 2016 онд: Шилдэг ярилцлагууд
Жиоржио Армани, Донателла Версачи болон бусад
Загварын ертөнцийн нөлөө бүхий эрхмүүд болон дизайнерууд 1970-аад оны сахилгагүй хэв маяг, томоохон брэндүүдийн бизнес стратеги, гоёл чимэглэлийн ертөнц дэх феминизмийн ялалт болон дэлхийг өөрчилсөн интернетийн тухай ярьж байна.
Демна ба Гурам Гвасалия: "Би түүнгүйгээр, тэр надгүйгээр Vetements-ийг бүтээж чадахгүй байхсан"
Цуглуулгын ихэнх хувцаснуудад бидний амьдралын намтар шингэсэн байдаг ч, цуглуулга бүхэлдээ ямар нэгэн нэгдмэл сэдэв агуулдаггүй юм. Бид ердөө л өөрт таалагдсан, ямар нэгэн хувийн чанартай утга агуулсан хувцас бүтээдэг. "They speak to me, they speak to people I know." Бид cool байх гэж хичээдэггүй, өөрсдийгөө cool гэж боддоггүй. Би дотроо өөрийн танил хүмүүсээ төсөөлж, "Тэд юу өмсөхийг хүсэх байсан бол оо?" хэмээн эргэцүүлж, цуглуулгаа бүтээдэг. Бидний бэлэн болсон цуглуулга олон хүнд нэгэн зэрэг таалагдаж байвал энэ нь бидний хувьд маш том магтаал юм.
Valentino-гийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччолитой хийсэн тусгай ярилцлага
Интернет бидэнд бүх зүйл амархан бүтдэг мэт хуурмаг төсөөлөл төрүүлдэг. Гэхдээ бодит амьдрал дээр бүх зүйл эсрэгээрээ шүү дээ. Мөрөөдөл ба бодит байдал хоорондоо хамааралтай байдаг. Үзэсгэлэнтэй зураг эргүүлж, мөрөөдөлдөө автаж сууснаар та хэзээ ч хүссэндээ хүрэхгүй. Хамгийн гол нь бодит харилцаа үүсгэж, мөрөөдөл рүүгээ чиглэсэн алхам хийж эхлэх хэрэгтэй.
Пол Смит: Надад нийгмийн жишиг болсон эд хөрөнгө, тансаг байдлын илэрхийлэл огт сонин санагддаггүй
Би маш гэнэтийн байдлаар урлагийн ертөнцийг олж нээсэн. Ослын дараа би гурван сарын турш эмнэлэгт хэвтсэн бөгөөд тэр хугацаанд хоёр залуутай танилцсан юм. Тэдний нэг нь мотоцикл унаж яваад, харин нөгөөх нь машинтай осолдсон байсан. Бид хоорондоо нөхөрлөж, эмнэлгээс гарсны дараа ч холбоотой байхаар тохиролцсон. Эмнэлгээс гараад тун удалгүй бид амьдардаг байсан хотынхоо нэгэн жижиг уушийн газар уулзалдахаар шийдсэн юм. Бид гурвын хэн нэгэн нь тэр газрыг сонгосонд би маш их талархдаг. Би их азтай хүн шүү! Учир нь тэр уушийн газарт урлагийн сургуулийн оюутнууд цуглардаг байсан юм билээ. Би тэнд суух дуртай болж, хоёр гурван удаа очсоны дараа байнгын үйлчлүүлэгчидтэй танилцаж эхэлсэн юм. Би тэднээс юу хийдгийг нь асуухад зарим нэг нь загварын дизайнераар суралцаж, харин зарим нь зурагчнаар ажилладаг гэж байсан. Мөн архитектор мэргэжилтэй хүн ч бас байсан шүү. Тэр үед миний өмнө гэнэтхэн урлагийн ертөнц үүд хаалгаа нээсэн. "Хөөх, ийм сонирхолтой зүйл хийнгээ бас мөнгө олж болох юм байна" гэж би бодож байлаа.
Жиоржио Армани: "Эмэгтэйчүүд дахин тэмцэх хэрэггүй болсон"
Миний үзэл баримтлал болон гоо зүйн үзэл энэ хугацаанд огт өөрчлөгдөөгүй. Надад одоо ч гэсэн ойлгомжтой, энгийн зүйлс ойр санагддаг. Бид хэзээ ч үзэл бодлоо өөрчилж байгаагүй ч үргэлж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхсаар ирсэн. Бидний ирээдүйд баримтлах гол чиглэл бол брэндийн бэлгэ тэмдэг болсон энгийн, гоёмсог, ихэмсэг хэв маягийг цаг үетэйгээ нийцүүлэх явдал юм.
Карин Ройтфельд: "Хэрэв чиний тухай үлгэр домог яригдаж байвал, чи үнэхээр хөгширсөн гэсэн үг"
Миний хүү Владимирын хэлснээр миний хамгийн том амжилт бол Карин Ройтфельд гэдэг нэрийг брэнд болгож чадсанд л оршиж байгаа юм. Энэ нь ч үнэн. Чиний нэр брэнд болсон цагт чи аль ч салбарт, хүссэн төсөл дээрээ ажиллах боломжтой болдог. Надад хоёр сайхан багш байсан. Эхнийх нь Том Форд. Тэр бол өөрийнхөө нэрийг брэнд болгож чадсан хамгийн амжилттай хүмүүсийн нэг. Том анх загвар зохион бүтээгчээр эхэлсэн ч одоо өөрийн нэрийн дор сүрчиг гаргаж, кино хийж, хүссэн бүхнээ л хийж байна. Харин хоёрдох нь Карл Лагерфельд. Тэр надад амьдралын минь хамгийн шилдэг зөвлөгөөг өгч байсан. "Хүссэн зүйлээ хийхээс хэзээ ч бүү ай. Гэхдээ эхлээд чи энэ бүхнийг хийж байгаа анхны хүн эсэхийг шалгах хэрэгтэй."
М.Цолмандах: "Хүн үрээ хайрлаж буй мэт бусдыг хайрлана гэдэг гайхалтай"
Гэгээрэх гэдэг нь завилж сууж бясалгаад, гэнэт хөөрч нисдэг, далдыг хардаг ид шидийг олж авах биш юм байна. Хүн болгоны дотор байдаг, надад бас байдаг муу сэтгэл, муу дадал буюу нисваанисын гурван хорыг багасгаж, сайхан зөв сэтгэл, зөв үйлдэлтэй байхыг би маш их хичээдэг.
Ann Demeulemeester-ийн бүтээлч захирал Себастьян Менье: "Миний амьдрал намайг хөглөдөг"
Энэ үнэхээр амаргүй шүү. Брэндийн хэв маяг өөрчлөгдөх ёсгүй гэж шүтэн бишрэгчид үзэж байгаа. Үнэнийг хэлэхэд, орчин үед энэ зүйл боломжгүй гэж бодож байна. Хэн нэгний зохиосон зүйлийг байнга давтах боломжгүй шүү дээ. Анн бид хоёрыг романтик сэтгэлгээ нэгтгэдэг. Гэхдээ бие даасан загвар зохион бүтээгчийн хувиар би юу хийх ёстойгоо бодох хэрэгтэй. Би романтик загварын цуглуулгаа үргэлжлүүлэн хийсээр байгаа ч Анны хэв маягт нийцэхгүй, шинэ зүйлсийг нэмж байгаа. Үнэндээ сентиментал яруу найраг миний мөн чанар огт биш.
Аксель Дюма: "Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье"
Орчин үед загварын мэргэжилтнүүд ямар их дарамт доор ажиллаж байгаа талаар шуугиан дэгдэх болсон. Hermès-д ямар ч дарамт байдаггүй гэж би хэлэхгүй л дээ. Гэхдээ өмнө хэлж байсанчлан манай компанид маркетингийн алба гэж байдаггүй. Бид уран бүтээлийн эрх чөлөөнд чухал ач холбогдол өгдөг. Бид дизайнерууддаа хатуу зааварчлага, тушаал өгдөггүй. Учир нь тэд дотоод ертөнцөөсөө улбаалж аливааг бүтээдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр бид брэндийн нэрийн дэлгүүрүүддээ худалдан авалтын эрх чөлөө олгодог. Тэгэхээр Hermès-ийн дэлгүүр бүр хүссэн бараагаа сонгон авч, худалдаалж болно. Тиймээс манай бүтикүүд хоорондоо их ялгардаг. Бидэнд бараа хүргэлтийн нэгдсэн систем гэж байхгүй. Энэ бүгдийн гол учир нь бид аж үйлдвэрийн үйлдвэрлэгч биш, харин гар урлалын брэнд гэдэгт оршиж байгаа юм.
Улаан хивсэн дээр хэрхэн хувцаслах вэ: Elie Saab брэндийн мэргэжилтэн Эмили Лежандр зөвлөж байна
Хамгийн гол нь арга хэмжээнийхээ уур амьсгалд тохируулан хувцаслаж байх хэрэгтэй. Энэ хамгийн чухал зөвлөгөө юм. Тэгэхээр юуны түрүүнд та өөрөөсөө "Уг арга хэмжээнд би ямар үүргээр оролцож байгаа вэ?" гэж асуух ёстой. Хүн бүр өөр, өөр зорилго ба үүрэгтэй байдаг. Нэг нь нэр дэвшиж байгаа бол, нөгөө нь шүүгчдийн бүрэлдэхүүний гишүүн байж, харин гуравдах нь найзыгаа дэмжихээр, эсвэл зүгээр л зочны хувиар оролцохоор ирсэн байдаг. Энэ бүх хүмүүс мэдээж хэрэг нэг төрлөөр хувцаслаж болохгүй юм.
Ариунаа Сүри: "Хэмнэл эвдсэн, монгол хэв маягийг минимал болгосон загварууд миний гарын үсэг"
Би монгол хүн болохоор скиз зурахад л монгол дээлний эсгүүрийг яалт ч үгүй дандаа татаад эхэлдэг байлаа. Тэгэхээр өөрийгөө эвдэж, "Би энэ монгол хэмнэлээс гарах ёстой" гэж их хичээсэн. Тэгсэн мөртлөө сая, саяараа үйлдвэрлэгддэг Zara, Mango шиг тийм загвар зурмааргүй байсан. Үүний тулд барилга, архитектураас эхлээд надад судлаагүй зүйл байхгүй.
Louis Vuitton-ы гайхамшигт үзмэрийн цонхнуудыг бүтээгч Фэй Маклеодын ярилцлага
Louis Vuitton-д бид ямарваа нэгэн тренд дагахгүй байхыг хичээдэг. Нэгдүгээрт бид төслөө нээлт хийх хугацаанаас хамаагүй эрт, бараг жилийн өмнө эхлүүлдэг. Хоёрдугаарт бид үргэлж дизайнаараа дамжуулан ямар нэгэн түүх өгүүлэхийг хичээдэг. Бид бүхий л сэтгэлээ шингээж ажилладаг. Тиймээс би хувьдаа тренд гэхээсээ илүү өөрийн зөн совиндоо итгэж ажиллахыг хичээдэг юм. Биднийг ирээдүйд юу хүлээж байна вэ гэж үү? Чанарын стандарт цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байна. Ойрын ирээдүйд бүх уран бүтээлчид орчин үеийн технологи дээр суурилсан төхөөрөмж түлхүү ашиглана гэдэгт би итгэлтэй байгаа.
Донателла Версаче: "Би Versace-д дурладаг хүмүүстэй хамтран ажилладаггүй"
Бидний алдарт лого дээр байдаг Горгоны Медузагийн толгой бол барокко маягийн тансаглал, эр зориг, өдөөн хатгасан байдлыг бэлгэддэг Versace ордны салшгүй нэгэн хэсэг юм. Маркийнхаа төлөө хийж байсан Жаннигийн бүх зүйлсийг би хадгалж үлдэхийг хичээдэг. Өнөөдөр өнгөрсөн рүүгээ эргээд харахад, хэрэв би өөртөө илүү итгэсэн бол, хөндлөнгийн зөвлөгөөнүүдийг сонсоогүй бол олон алдаанаас зайлсхийж болох байсан гэдгийг ойлгодог. Би Жаннигийн бүтээсэн өв уламжлалыг маш ихээр эрхэмлэдэг. Гэхдээ үүний зэрэгцээ одоо огт өөр цаг ирсэн тул цаг үетэйгээ нийцэх хэрэгтэй гэдгийг ухамсарладаг. Дэлхийг, тэр тусмаа загварын ертөнцийг өөрчилсөн интернет гэдэг зүйл Жанниг таалал төгсөх үед байгаагүй шүү дээ.
Гайя Репосси: "Үнэт чулуугаар бүрхэгдсэн эмэгтэй хүмүүсийн нүдэнд хүчирхэг харагдахаа байсан"
Бүсгүйчүүд өнөөдөр маш их хөдөлмөрлөж, шинэ салбар хүрээнүүдийг ялан дийлж байна. Эмэгтэй хүний нийгэм дэх байр суурь бэхжих тусам хүмүүс үнэт эдлэлийг ч бас өөр өнцгөөс харах болсныг чи анзаарсан уу? Гялалзсан үнэт чулуугаар бүрхэгдсэн эмэгтэй хүмүүсийн нүдэнд хүчирхэг харагдахаа байсан. Томоохон амжилт олж байгаа бүсгүйчүүд минимал хэв маягтай моодыг дэлгэрүүлж байна. Олон зуун жилийн турш гоёл чимэглэл нь зөвхөн ямар нэгэн баяр ёслолд зориулагдаж, хэзээ ч "ажил" гэдэг үгтэй хоршихгүйгээр ирсэн. Гэхдээ өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн. Гоёл чимэглэл гэдэг ойлголт хүртэл өөрийнхөө утгыг өөрчилж, үдшийн зориулалттай, том хэмжээтэй, гялалзсан зүйл биш, харин бидний ямар ч нөхцөлд, бүх өдрийн турш зүүж болох энгийн зүйл болон хувирсан.
Монголын загварын ертөнцөд шинэ нэр: Японд танигдсан дизайнер Б.Явууцагаан
Аль ч улс оронд бие даасан, ирээдүйн төлөө урагш тэмцдэг, мэдлэг өөд тэмүүлсэн эмэгтэйчүүд бий. Өөрийгөө хөгжүүлж чадсан хүн аливаа юмны чанарыг мэдэрдэг шүү дээ. Би яг тийм л бүсгүйчүүдэд зориулж хувцсаа хийдэг. Тэдгээр эмэгтэйчүүдийн гоо сайхныг харуулах зорилготой хувцас хийхдээ мэдээж улирал бүр загварыг шинэчилж тоглоно. Би эмэгтэй хүнд байгалиас заяасан гоо үзэсгэлэнг кимоногоор дамжуулж улам тодотгохыг хүсдэг. Ингэхдээ гар урлалын нарийн ажиллагааг оруулсан хэрнээ өдөр тутмын амьдралд өмсөхөд тохиромжтой энгийн болгож өгсөн.